Дархан сумын ЗДТГ-ын хамт олон Улаанбаатар хотод зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-10-25 14:02:57

Дархан­-Уул \МОНЦАМЭ\. Дархан-Уул аймгийн Дархан сумын ЗДТГ-ын 50 албан хаагч Төрийн ордон, Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.

Албаны уулзалтууд төрийн ордонд Дархан-Уул аймгаас сонгогдсон Улсын Их хурлын гишүүдтэй уулзсан бол танин мэдэхүйн чиглэлээр Улаанбаатар хотын Баян-Зүрх дүүргийн Жанжин Лхагвасүрэнгийн гудамжинд байрлах Монгол Цэргийн Музейтэй танилцав.

Одоогоос 22 жилийн өмнө тус музей албан ёсоор нээгдэж анхныхаа үзэгчдийг хүлээн авч байжээ. Монгол Цэргийн Музей нь 800м/кв бүхий талбайд 3000 гаруй үзмэрийг дэлгэсэн, “Эртний түүхийн”, “Шинэ түүхийн”, “Маршал” хүндэтгэлийн гэсэн гурван танхимтай төрөлжсөн, 12 сан хөмрөгт цэргийн түүхийн холбогдол бүхий 9000 гаруй эд өлгийн зүйлс хадгалагддаг аж.

Түүнчлэн “Минолта МS-8” цацруулагч багажны тусламжтайгаар Дархан сумын алба хаагчид сансрын уудам орон зайгаар аялсан аж.

Аяллын хүрээнд албан хаагчид Нийслэлийн Банянзүрх дүүргийн тавдугаар хороонд байрлах "Сансар Од Эрхэс"-ийн ордноор зочлон сансар огторгуйн тайлагдашгүй нууцад нэвтэрч, сансарт ниссэн анхны Монгол нисгэгч Ж.Гүррагчаагийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, түүний ниссэн “Союз-39” хөлөг, өмссөн хувцас зэргийг үзэж сонирхжээ.

Мөн “Минолта МS-8” цацруулагч багажны тусламжтайгаар сансрын уудам орон зайгаар аялан, нарны аймгийн однууд, бага гаригууд, нар, сарны хиртэлт хийгээд үдшийн бүрий, үүрийн гэгээ зэрэг одон орны олон сонирхолтой үзэгдлийг хагас бөмбөрцгөн дэлгэц дээр 3D нүдний шилний тусламжтайгаар хиймлээр харсан аж.

Дархан сумын ЗДТГ-ын 50 албан хаагч сургалт, танин мэдэхүй, албан уулзалт хийхээс гадна спортын  гурван төрөлт арга хэмжээг зохион байгуулжээ.Тодруулбал Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Эко" спорт цогцолборт гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннисээр өрсөлдсөн байна.

Орон нутгийнхныг Улаанбатарт урьж танилцах боломж олгоход  УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Б.Баттөмөр нар дэмжиж хамтран ажиллажээ.

 

Л.Отгонбаатар

 

Холбоотой мэдээ