Марокког сонгон аялах жуулчдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-26 10:21:11

РАБАТ. /Xinhua/. Энэ оны эхний найман сарын байдлаар Марокко улсыг сонгон аялсан жуулчдын тоо 8.7 сая хүрсэн бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар өссөн үзүүлэлт болсон тухай тус улсын Аялал жуулчлалын яамнаас пүрэв гарагт мэдээлэв.


Энэхүү өсөлт нь тус улсаар аялах сонирхолтой Европ жуулчдын тоо ихээхэн нэмэгдсэнтэй холбоотой ажээ.


Яамнаас гаргасан статистик мэдээнд тэмдэглэснээр, жуулчдын тоо ихээхэн нэмэгдсэн үзүүлэлттэй харьцуулахад аялал жуулчлалын салбараас олсон орлого бага өсөлт үзүүлсэн аж. Энэхүү үзүүлэлт нь 2017 оны эхний найман сарын байдлаар 4.82 тэрбум ам.доллар байсан бол энэ онд 4.88 тэрбум ам.доллар болж өссөн байна.


Үүнийг Марокко улсын аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд еврогийн ханш унасан хийгээд зочид буудлуудын үнэ буурсан зэрэг хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байгаа юм.


2017 онд тус улсаар гадаадын нийт 11.35 сая жуулчин аялсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт болж байжээ. 

Холбоотой мэдээ