Союз хөлгийн аврах системийг өндрөөр үнэлэв

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-11-05 13:22:08
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/. 400 км аялан Дэлхийн тойрог зам дахь Олон улсын сансрын станцад хоёр шинэ гишүүн хүргэхээр хөөрсөн ОХУ-ын “Союз-ФГ” сансрын хөлөгт осол гарч, аврах системийн ачаар нисгэгчид аюулгүй газардсан. ОХУ-ын Роскосмос корпорацийн мэдээлснээр ослын шалтгаан энэ долоо хоногт тодорхой болох юм.

Энэ сарын 11-ний өдөр Казахстаны Байконур сансрын станцаас хөөрсөн “Союз ФГ” хөлөг 55 километрийн өндөрт байхад ослын дохиолол ажиллаж эхэлжээ. Улмаар хөлгийн аврах системийн ажиллагааны дагуу газардуулах төхөөрөмж нисгэгчдийг хөлгөөс сугалан авч, амжилттай газардуулсан. Хөлөгт ОХУ, АНУ-ын хоёр нисгэгч байсан бөгөөд “Союз” хөлгийн баталгаат аврах системийн ачаар тэд өчүүхэн ч бэртэл аваагүй юм.

Сансар судлалын түүхэнд ОХУ 4, АНУ 17 сансрын нисгэгчээ алдсан байдаг бөгөөд ихэвчлэн аврах системийн доголдол, нисгэгчдийн туршлагаас үүдэн золгүй явдал тохиолддог байна. “Союз” хөлгийн багийн гишүүд нислэгээс өмнө ОХУ-ын Сансрын нисгэгчдийг бэлтгэх төвд тусгай шалгалт өгч, боломжит бүх эрсдэлтэй зохиомлоор нүүр тулгардаг аж.

АНУ-ын сансрын нисгэгч Ник Хейк анхны нислэгтээ 4 жил бэлтгэсэн бөгөөд энэ хугацаанд орос хэл сурч, “Союз” хөлгийн бүхий л нарийн ажиллагааг судалжээ.

Тэрбээр “Аврах ажиллагаа эхлэн сансрын хөлгөөс биднийг сугалан гаргахад тал тал руу хүчтэй сэгсэрч байсныг тод санаж байна. Газардуулах төхөөрөмжийн түгшүүрийн дохиолол ажиллаж, улаан гэрэл асч эхлэхэд аюулын түвшин дээд цэгт байгааг ойлгосон. Бидний төлөвлөгөө өөрчлөгдөж, Дэлхийн тойрог замд гарах бус хамгийн аюулгүйгээр буцан Дэлхий дээр газардах болсон. Бэлтгэлийн баазад олон төрлийн нөхцөл байдал үүсгэн сургуулилт хийдэг. Түүний нэг нь ослын нөхцөл. Осол гарахад ямар арга хэмжээ авах ёстойд бэлтгэлтэй байсан. Энэхүү осол “Союз”хөлгийн аврах ажиллагаа 35 жилийн өмнөх шигээ найдвартай байгааг батлан харууллаа” хэмээв.

“Союз” хөлгийн аврах систем хамгийн сүүлд 1983 онд ажиллаж дөнгөж хөөрөөд шатаж эхэлсэн хөлгөөс ОХУ-ын хоёр сансрын нисгэгчийн аварсан байдаг. “Союз” хөлгийн аврах систем болон газардуулах төхөөрөмжийг С.Королевын нэрэмжит сансрын хөлгийн “Энергия” корпораци боловсруулан бүтээжээ.

Дашрамд дурдахад олон жилийн настай “Союз” сансрын хөлгийн залгамж халаа “Федерация” хөлөг 2022 онд анхны нислэгээ үйлдэхээр төлөвлөж байгаа юм. “Федерация” хөлөг 4 хүний суудалтай байх бөгөөд аврах системийн хувьд олон удаа найдвартай байдлаа баталсан одоогийн системтэй төстэй байх аж.    

Холбоотой мэдээ