Эрүүл мэндийн салбарт дэвшилтэт технологийг эрчимтэй нэвтрүүлсний үр дүн гарч байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-30 12:01:51

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн Эрүүл мэндийн газраас аймгийн эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаарх цаг үеийн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Өнөөдөр Завхан аймгийн эрүүл мэндийн салбарын 76 байгууллагад нийт 1113 хүн ажиллаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж  байна.

Эрүүл мэндийн салбарт нийт 181 их эмч ажиллаж байгаа ба эмч нарын 63.3 хувь нь нарийн мэргэжлийн, 36.7 хувь нь ерөнхий мэргэжлийн эмч байна. Эмчийн хангалт сайн байгаа гэв. Харин нийт 93 эрүүл мэндийн байгууллага эрүүл мэндийн анхдагч болон хоёрдогч лавлагаат тусламжийг иргэдэд үзүүлж байна. Хүүхдэд ээлтэй орон нутаг хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Хүүхдэд ээлтэй орон нутаг төслийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр олон нийтэд түшиглэсэн сургалт сурталчилгааны ажлыг Хүүхдийн өвчний цогц менежмент /ХӨЦМ/-ийн дөрвөн сургагч багш нийт 139 суралцагчдад явуулжээ. Түүнчлэн хүүхдийн хоол тэжээл, нялх, балчир насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө, сургалтыг 360 хүнд хийжээ. Ус, орчны эрүүл мэндийн чиглэлээр 12 сумын иргэдэд мэдээлэл сургалт сурталчилгааг хийсэн байна. Ундны усны эрүүл ахуйн чиглэлээр аймгийн 13 суманд ажиллаж,  ундны усны аюулгүй байдал, хуванцар савны хэрэглээний талаар 1386 иргэнд сурталчилгаа хийжээ. Мөн 10 мянга гаруй сурталчилгааны материалыг тарааж, 924 иргэнийг  сургалтад хамруулсны үр дүнд иргэдийн мэдлэгийн түвшин 40 хувиар дээшилсэн тухай мэдээлэв.

Бөөрний эмгэгтэй иргэд аймагтаа эмчлүүлж байна

Завхан аймагт сүүлийн нэг жилийн хугацаанд эмчилгээ, үйлчилгээний шинэ арга, дэвшилтэд технологийг эрүүл мэндийн салбарт ашиглаж буй нь бодит үр дүнг өгч байгаа ажээ.

Тухайлбал Тайвань улсын Тайпэй эмнэлэгтэй аймгийн Нэгдсэн эмнэлэг хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж, тус эмнэлгийн зүгээс 83,8 сая төгрөгийн өртөг бүхий гемодиализийн аппарат хоёр ширхэгийг бэлэглэжээ. Өнөөдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг энэхүү хоёр аппаратыг түшиглэн гемодиализийн тасгийг нээн ажиллуулснаар бөөрний эмгэгтэй иргэд орон нутагтаа эмчлүүлэх боломж бүрджээ. Өнөөдрийн байдлаар 9 иргэн энэхүү аппаратаар байнгын үйлчлүүлж 459 удаагийн сеанс эмчилгээ хийгдсэн байна. Мөн судсаар 404, дабле гуурсаар 17, тунел гуурсаар 38 хүнд тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлэгт Францын Action mongolia ТББ-аас хэвлийн хөндийн OLYMPUS дурангийн мэс заслын тоног төхөөрөмж, Германы CARL ZEISS нүдний  болрын мэс заслын иж бүрэн багаж, үзлэгийн таван төрлийн багаж, хагалгаанд хэрэглэгдэх нэг удаагийн хэрэгсэл, эм тариа, болор зэргийг нийлүүлсэн байгаа. Үүнээс хойш аймгийн Нэгдсэн эмнэлэгт дурангийн хэд хэдэн мэс заслыг амжилттай хийгээд байна. Тухайлбал эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг гурван хүнд, цөсний хүүдий авах мэс заслыг гурван хүнд амжилттай хийжээ. Мөн Японы засгийн газрын санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлэг, Тосонцэнгэлийн Нэгдсэн эмнэлэгт МТ-610 маркийн 15 сая төгрөгийн өртөгтэй ургийн зүрхний бичлэгийн аппарат нийлүүлэгдсэнээр эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байгаа гэлээ.

Эрүүл мэндийн үйлчилгээ цахимжаад байгаа

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг бүрэн цахимжсан үйлчилгээг үзүүлж иргэдийн цагийг хэмнэж урт дараалал үүсгэхгүйгээр эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын ачааллыг багасгаад байна. Тодруулбал аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 01 сарын 03ны өдрийн  А/08  тоот тушаалаар “Иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө, цаг товлох лавлагаа үйлчилгээний журам-ыг гаргаж баталжээ. Энэ журам батлагдаж мөрдөгдсөнөөр үр дүнд хүрээд байгаа. Учир нь иргэд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч болон эмчлэгч эмчээрээ дамжуулан нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх дарааллыг 75779944 дугаарт залган авах боломжтой болсон байна. Мөн аймгийн нэгдсэн эмнэлэгт E-HEALTH программыг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Энэхүү программд хүүхэд, халдварт-сүрьеэ, эмэгтэйчүүд, Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээний яаралтай тасаг /МЭЭЯТ/, мэс засал, дотор, хөнгөвчлөх-арьс харшил, мэдрэл, лаборатори, цахим бүртгэл гэх мэт тасгууд бүрэн холбогджээ. Энэ програмын онцлог нь эмч эмнэлгийн ажилчдын үйл ажиллагааг түргэн шуурхай, хялбар болгохоос гадна иргэдэд чирэгдэлгүй болжээ. Тухайлбал иргэн аймгийн нэгдсэн эмнэлгийн цахим бүртгэлд эрүүл мэндийн даатгалын дэвтрээрээ хаана, ямар тасагт үйлчлүүлэхээ бүртгүүлснээр ямар оноштой, ямар тасгаас, эмчлэгч эмчийн бүртгэлтэй хамт бүртгэл автоматаар тухайн тасгийн эмч нарт очих бөгөөд тухайн бүртгэлээр дамжуулан эмч эмнэлгийн ажилтны өдөрт үйлчилгээ үзүүлсэн иргэдийн тоо ажлын үзүүлэлт, цаашлаад статистик тоог цаг алдалгүй гаргах боломжтой болсон байна.

Эрүүл мэндийн цогц үйлчилгээг мобайл технологи ашиглан хүргэж байна

ДЭМБ-аас Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад чиглэсэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төсөл Завханд хэрэгжиж эхэллээ.  

Энэ төсөлд Завхан аймгийн Баянтэс сумын зорилтод таваас 65 насны 1573  иргэн хамрагдаж байна. Төслийн хүрээнд зонхилон тохиолдох халдварт ба халдварт бус өвчний эрт илрүүлгийн үйл ажиллагааг гэрийн үзлэгтэй хослуулсан эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн мобайл технологи ашиглан явуулын хэлбэрээр үзүүлж байна. Тодруулбал зорилтот бүлгийн хүн амд эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээг Wi-Fi холболт бүхий ЭКГ, ЭХО, даралт хэмжигч, GeneXpert, хурдавчилсан оношлуур зэрэг эрүүл мэндийн мобайл технологийг ашиглан хүргэж байгаа юм. Энэ төсөл 2019 оны нэгдүгээр сарын 31 хүртэл хэрэгжих юм. Төслийн хүрээнд Баянтэс сумын эрүүл мэндийн төвд 24.6 сая төгрөгийн өртөг бүхий мобайл технологийн 25 нэр төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, зөөврийн ЭХО, даралт хэмжигч, таблет, зөөврийн компьютер, зөөврийн өндөр жин хэмжигч гэх мэт багаж тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байгаа гэв.  

Б.Мягмарсүрэн 

Холбоотой мэдээ