Цунами дэгдсэн үед ашиглах гар утасны хавсралт бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-30 11:02:12

ТОКИО. /NHK/. Японы эрдэмтэд цунами дэгдсэн үед хүн ам нягт суурьшсан бүс нутгийн иргэдэд нүүн шилжихэд туслах зориулалт бүхий ухаалаг гар утасны хавсралт /аппликейшн/ зохион бүтээсэн тухай телевизийн “NHK” суваг мэдээлэв.


Энэхүү шинэ хавсралтыг Тохоку их сургуулийн дэргэдэх Байгалийн гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын судалгааны төв болон Фучицу лабораторийн эрдэмтэд хамтран бүтээсэн бөгөөд Токио хотоос холгүй оршдог Кавасаки хотын удирдлагууд мөн тэдэнтэй хамтран ажиллажээ.


Кавасаки хотын эргийн бүс нутгуудад хүчтэй газар хөдлөлт болсон тохиолдолд 3.7 метрийн өндөр цунамид өртөх эрсдэлтэй хэмээн тооцогддог бөгөөд байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэх аваас 340 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлага тулгарах юм.


Эрдэмтдийн хэлснээр, ухаалаг гар утасны уг хавсралт нь хэрэглэгчийн байршлыг тогтоож, түүнд хамгийн ойр байрлах түр хоргодох байрын байршлыг олоход туслах ба нүүлгэн шилжүүлэх ажиллагааны үед аль зам хүн ихтэй байхыг мэдээлэх аж. Мөн хэрэглэгчид байгалийн гамшгийн улмаас сүйдсэн барилга байшин болон нөхцөл байдлын талаархи гэрэл зургийг уг хавсралт руу оруулах боломжтой юм.


Судалгааны багийн мэргэжилтнүүд шинээр зохион бүтээсэн хавсралтаа ирэх 12 дугаар сард Кавасаки хотод туршиж үзэн мэдээлэл цуглуулахаар төлөвлөж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ