Амиа золиослогч этгээдийн үйлдсэн халдлагыг зэмлэн буруушаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-30 11:55:01

ТУНИС. /Xinhua/. Даваа гарагт Тунисын нийслэл Тунис хотноо амиа золиослогч этгээдийн үйлдсэн халдлагыг тус улсын Ерөнхийлөгч Бежи-Кейд Эссебси зэмлэн буруушаажээ. Энэ тухай "Xinhua" агентлаг мэдээлэв.


“Бид терроризмыг үндсээр нь устгасан хэмээн найдаж байсан боловч хотын төвд, нийслэлийн зүрхэн хэсэгт аймшигт халдлага үйлдлээ” гэж төрийн тэргүүн Тунисын үндэсний телевизээр шууд дамжуулсан нэвтрүүлгийн үеэр мэдэгдсэн байна. Мөн тэрбээр энэ хэргийн хариуцлагыг засгийн газар, улс төрийн намууд бүгд үүрэх ёстой гэж нэмж хэлжээ.


Тунисын зүүн нутгийн эргийн мужийн Махдия хотын оршин суугч, 30 гаруй насны нэгэн эмэгтэй даваа гарагт хотын төвд биедээ авч явсан тэсрэх бөмбөгийг дэлбэлсний улмаас 20 хүн шархадсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Энэ халдлагыг улс төрийн намуудын төлөөлөгчид ч мөн зэмлэн буруушааж байгаа тухайгаа цахим сүлжээгээр дамжуулан илэрхийлсний зэрэгцээ ард иргэд гудамжинд олноор цуглаж, эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. 

Холбоотой мэдээ