Сулавеси арал дээр халдварт өвчин тархаж болзошгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-10-30 16:12:50

ЖАКАРТА. /NHK/. Өнгөрсөн сарын сүүлээр газар хөдлөлт болон цунамид нэрвэгдсэн Индонезийн Сулавеси арлын дүрвэгсэд дунд халдварт өвчин тархаж болзошгүй тухай Япон эмч анхааруулжээ.


Японы Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтнууд болон эмч нарын бүрэлдэхүүн бүхий баг тус арлын оршин суугчдад тусламж үзүүлж, хоёр долоо хоногийн хугацаанд тус арал дээр байрласан байна.


Индонезийн холбогдох албаны удирдлагуудын мэдээлснээр, байгалийн гамшигт уг үзэгдлийн улмаас 2081 хүн амиа алдаж, 1300 гаруй хүн сураггүй алга болоод байгаа аж.


“Арлын оршин суугчдад сэтгэл зүйн тусламж үзүүлэх шаардлагатай байна” гэж Улаан загалмайн нийгэмлэгийн ажилтан даваа гарагт Японы үндэсний хэвлэл мэдээллийн төвд болсон хэвлэлийн бага хурлын үеэр онцлон тэмдэглэсэн байна.


Тэрбээр газар хөдлөлтийн төвийн ойролцоох тосгонд амьдарч байсан зургаан настай ихэр хүүхдүүдтэй ярилцсан бөгөөд охид газар хөдлөлтөөс айсны улмаас унтаж чадахаа больсоны зэрэгцээ гэртээ орохоос ч айдаг болсон нь гэр бүлийнхний хамт майханд амьдрахаас аргагүйд хүрчээ.


Одоогийн байдлаар 200 мянга гаруй хүн гадаа буюу түр хоргодох байранд амьдарч байгаа бөгөөд тэдэнд зориулалтын бие засах газар болон усанд орох өрөө байхгүй байгаа юм.


Эмчийн хэлснээр, ус ашигладаг байгууламжийг суурилуулахад ихээхэн хугацаа шаардлагатай бөгөөд удаан хугацааны турш нүүлгэн шилжүүлэлтийн байдалтай амьдрах нь халдварт өвчнүүд тархах эрсдлийг бий болгох аж.


Мөн нурж сүйдсэн барилгуудыг барихад ашигласан асбест нь эрүүл мэндэд маш хортой бөгөөд байгалийн гамшигт өртсөн ард иргэдэд тусламж дэмжлэг үзүүлэх шаардлага байсаар байна гэж тэрбээр нэмж хэлжээ. 

Холбоотой мэдээ