Гамлет амьд л гэсэн

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-10-31 17:57:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/.


Монголд анх удаагаа эмэгтэй хүн Гамлетийн дүрд тоглож, тэр тусмаа монодрам болгон амилууллаа. Монодрамын ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал ажиллаж буй бөгөөд гол дүрд жүжигчин Л.Эрдэнэ-Очир тоглосон юм. Монголд гурав дахь удаагаа тайзнаа тоглогдож буй уг эмгэнэлт жүжгийн хөгжмийн зохиолчоор Г.Онон, зураачаар Т.Болортүвшин болон "Green entertainment"-ийн уран бүтээлчид 20-иод хүний бүрэлдэхүүнтэй ажилласан байна.


ЭХЛЭЛД ОРШИХ ТӨГСГӨЛ




Тайзан дээр бөөн утаа уур савсаж, улаан хувцастай зовлонт сүнсүүд тойрон зогссон байх бөгөөд дунд нь Гамлет үзэгдэнэ. Тэрээр хоёр хүн дээр сууж буй байдал ч ажиглагдсанаар жүжиг эхлэнэ. Монголын театрын урлагт өөрчлөлт авчирах гэсэн Гамлет монодрам хөшиг нээгдэхэд л иймэрхүү үхмэл, хэлбэрт хэт хөөгдсөн байдлаар эхэлж буй нь тэр.


Гамлет мэдээж хүн төрөлхтний оюун сэтгэлгээний охь бөгөөд театрын чансааг тодорхойлог сонгодог жүжгүүдийн нэг мөн. Шекспирийн яруу найраг шигээ эрч хүчтэй, зоримог санаа ба сэтгэл түгшим байдлаар эл жүжиг дүүрэн байдаг. Тиймдээ ч монодрам хэлбэрээр тайзанд амилуулах болсон нь өөрийн эрхгүй сонирхол татаж байв. Ялангуяа нийгмийн хүчин зүйлсийг нь хасч орхиод зөвхөн Гамлетийн монологийг гаргаад ирчихвэл жүжиг жинхэнэ утгаараа онцгой сонин тавилттай болж болох байв.


20 дугаар зуунд орчин театр тодорхой нарийн тогтолцоотойгоор бий болж, хөгжсөн нь Монголын урлагт тохиосон нэгэн бахдам үйл явц юм. Энэ үеэс бид монодрамын тухай ч их ярих болсон. Монодрам бол ганц жүжигчинд зориулагдсан жүжгийн зохиол. Харин Гамлетийг монодрам болгох нь мэдээж боловсрол шаардсан ажил. Гэвч жүжигчин Л.Эрдэнэ-Очирын бүтээсэн Гамлетэд найруулагч С.Баасанжаргалын “шийдэл” огт ажиглагдсангүй. Зүгээр л жүжигчин өөрийн сонгосон дүрүүдэд чөлөөтэй хувьсаж, сонгодог текстээс зөрүүтэй чөлөөтэй хэллэг ашиглан дүрээ бүтээж байв.


Мөнхүү чөтгөрийн элс гэмээр улаан хувцастай хүүхдүүд жүжигт оролцсон үйл явц нь монологийнхоо утгыг алдагдуулаад орхив. Учир нь ганц л хүн тоглох ёстой жүжигт тэдгээр хүмүүсийн оролцоо бий болсноор эхнээсээ л монодрам болж чадалгүй явсаар жүжиг дуусав.


ХЭЛБЭРДЭЛТ ӨӨРӨӨ ХЭЛБЭР БИШ




Гамлетийн эцгийн сүнс биед нь орж буй хэсэг яг л бөөгийн онгод сахиус бууж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Жүжигчний чичигнэсэн хөдөлгөөн, сөөнгө хяхнасан хоолойг сонсоход үүнээс өөр дүр зураг үзэгдэхгүй. Тиймээс ч ийнхүү уялдуулж өгсөн сонгодог жүжгийн үзэгдлийг монголжуулах гэсэн онцгой шийдэл мэт санагдавч жүжгийн хэмнэл, тайзны зураачийн ажилтай огтхон ч наалдаж өгсөнгүй. Мөнхүү эмэгтэй Гамлетийн дүр бий болгосон нь ч шинэ зохимжтой, онцгой шийдэл байж чадахгүйгээр үл барам жүжгийн гол амин судалыг эвдэж орхив.


Мэдээж “Black Box” –ын жүжигчид ажилласан уг бүтээлийг илүү модерн шугамтай тоглох болов уу гэх хүлээлт үзэгчдийн дунд их байв. Гэтэл сонгодог уламжлалын хэв маягтай тэр чигт нь өөрсдийн хэлбэрдэлттэйгээ цуг тайзнаа хадчихжээ. Хэлбэрийг хэдийн өөрчилж болох ч гэлээ энэ нь хэлбэрдэлт болж хувирвал хэчнээн амьгүй хоосон театр бүрэлдэн тогтдог вэ гэдгийг тус жүжигт зочилсон үзэгчид бэлхнээ харсан болов уу.


Дуурь болон хөгжим, жүжиг зэрэг нь урлаг дотроо дээгүүр байр суурийг эзэлж Европт соёлт нийгмийг бүтээхэд тун их оролцоотой байв. Өнөөдөр монголд энэ жишгээр хөгжиж буй. Харин өнгөрсөн онд М.Боролдойн найруулсан “Годог хүлээхүй” абсурд жүжиг тавигдсан нь бас нэгэн шинэ цонх нээж өгсөн гэхэд хилсдэхгүй. Ялангуяа Владимир буюу Дидигийн дүрийг эмэгтэй жүжигчин бүтээсэн нь тун оновчтой санагдсан. Жүжигчний хэллэг, дүрийн сэтгэлзүйг гаргах чадвар зуун хувь үнэлгээтэй байлаа.


Харин энэ удаад Гамлетийн дүрийг бүтээсэн Л. Эрдэнэ-Очирын хуурай тавилттай жүжиглэлт бүтээлийнхээ шугамтай холбогдож чадсангүй. Гамлетийн эцгийн сүнс, эх болон эцгийг нь хороосон вангийн дүрд нэгэн зэрэг хувирч буй нь жүжигчнээс маш их хөдөлмөр, техник шаардсан нь тодорхой. Гэвч дүрүүдийн шилжилт хооронд ямарч уялдаа байсангүй. Мөн өнөөх эрлэгийн элчийн дүрд хувиран гарч ирсэн “улаан өмсгөлтнүүд” – ээр өөрийн бүтээх ёстой үйл хөдлөлүүдийн ихэнхийг хийлгэчихэж байгаа нь монодрам гэх жүжгийнхээ төрөл зүйлтэй холбогдож чадсангүйг дурдах хэрэгтэй.


Мөнхүү “Black Box” театрын захирал С.Мягмар жүжиг дууссаны дараа уг бүтээлийг хийхэд оролцсон хамт олонд баяр хүргээд “Black Box театр шинэ цонх нээсэн. Тэр цонхонд дахин шинэ салхи сэвэлзүүлсэнд баярлалаа. Гайхамшиг үргэлжилсээр...” хэмээсэн нь хий хоосон сүржин магтаал сонстов. Үнэндээ “Black Box” –ийн жүжигчид С.Мягмар найруулагчийн нээсэн шинэ цонхыг буцааж хаав. Гэхдээ Гамлет амьд л гэсэн...




Гэрэл зургийг: Б.Чадраабал

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ