Аялал жуулчлалын төлөвлөлт хийх талаар аргазүйн зөвлөгөө өгч байна

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunzaya@montsame.mn
2018-10-31 19:25:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагын дэмжлэг дор “Аялал жуулчлалын төлөвлөлт” сэдэвт сургалтыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв дээр зохион байгуулж эхэллээ.

Сургалтыг Англи Улсын иргэн, олон улсын зөвлөх Стюарт Гилкрист удирдан явуулах бөгөөд сургалтаар аялал жуулчлалын үр ашгийн гинжин хэлхээ, зорих газрын менежмент, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хотын аялал жуулчлал зэрэг сэдвээр  мэдээлэл өгөв.

Сургалтанд аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 80 орчим байгууллага, мөн 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар зэрэг төрийн байгууллагын 30 гаруй албан хаагчид хамрагдав.

 Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлэх, 2020 гэхэд гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилтыг дэвшүүлээд байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх,салбарын бодлого, төлөвлөлтийг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд энэхүү сургалт нь дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ.

НҮБ-ын төрөлжсөн агентлаг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь хариуцлагатай, тогтвортой, бүх нийтэд нээлттэй аялал жуулчлалыг хөгжүүлэхийг дэмжиж ажилладаг. Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүнээр элссэн бөгөөд аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулахад олон улсын санхүүгийн байгууллагуудаас зээл тусламж авах, хүний нөөцийг чадавхжуулах, аялал жуулчлалын бодлого боловсруулахад мэргэжил арга зүйн дэмжлэг авах зэргээр хамтран ажиллаж байна. Сургалт маргааш өндөрлөнө.

Холбоотой мэдээ