БНСУ-ын элчин сайд Жон Жэ Нам Дархан хотод ажиллалаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-11-01 13:52:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат нар БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт элчин сайд Жон Жэ Нам болон Коайка Олон Улсын байгууллага, Копиа байгууллагын төлөөлөгчдийг лхагва гарагт хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ. 


Айчлалын зорилго нь БНСУ-ын хөрөнгө оруулалтаар болон хамтын ажиллагаа, ТББ-уудын санхүүжилтээр хэрэгжсэн, одоо хэрэгжиж буй ажлын үйл явцтай танилцах, аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх талаар санал солилцохоор ирсэн аж.

Уулзалтын эхэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ 2014 онд Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Кёнги аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хооронд байгуулсан найрамдалт харилцааны санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлууд, хөрөнгө оруулалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг зочдод танилцуулсан юм. 
Тухайлбал Кёнги аймгаас манай аймгийн Онцгой байдлын газарт 2016-2018 онуудад 120 сая төгрөгийн үнэ бүхий гал түймрийн голомтын үед ашиглах галын 2 авто машин, тус бүр нь 18-35 сая төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн 6 авто машин, “Од” цогцолбор сургууль, “Монгол Оюу” сургуулиудад нийт 180 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ухаалаг анги”-ийг тус тус байгуулж 1,5 сая төгрөгийн Солонгос хэлний ном, сурах бичгээр хангаж дэмжлэг үзүүлжээ. 
Найрамдалт харилцааны 5 жилийн ойг угтаж манай аймаг Кёнги үндэсний дуу, хөгжмийн чуулгыг Дархан-Уул аймагт урьж Монгол үндэсний их баяр Наадмаар буюу 7 дугаар сарын 10-ны өдөр тоглуулсан юм.
Мөн БНСУ-ын Өмнөд Кёнгсан аймгийн Чангвон хоттой 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр албан ёсоор
хамтын ажиллагааны харилцаа тогтоож Найрамдалт харилцааны санамж бичгийг байгуулсан зэрэг хоёр улсын найрсаг харилцааг улам бүр өргөжүүлж байгаа талаар дурдсан юм.


Уулзалтын үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам нар Дархан-Уул аймагт одоо хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын чиглэлээр
хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо. 
Айчлалын төгсгөлд БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Жон Жэ Нам, түүнийг дагалдах албаны төлөөллүүд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль болон  БНСУ-ын хөрөнгө оруулалтаар Дархан сумын  15 дугаар багт хэрэгжиж буй “Шинэ гудамж” төслийн үйл ажиллагаатай танилцсан аж.

Уулзалтын үеэр цаашдын хамтын ажиллагааны талаар олон сайхан таатай нөхцлүүд бий болох болно гэдэг илтгэлтэй байгаагаа талууд онцоллоо.

 


Холбоотой мэдээ