“Автомашины засварчин” мэргэжлийн ур чадварын хангайн бүсийн уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-11-01 12:53:52

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудыг хамруулсан “Автомашины засварчин” мэргэжлийн ур чадварын уралдаан Өвөрхангай аймгийн МСҮТ-д  өнөөдөр эхэллээ.

Техникийн бүрэн бус тээврийн хэрэгслээс шалтгаалсан замын осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, авто машины засварчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой уг уралдааныг аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ийн даргын ивээл дор зохион байгуулж байна.

Уралдааны нээлтийн арга хэмжээгээр аймгийн ГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Отгонцэцэг хэлэхдээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь улс, бүс, орон нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар хөдөлгөөнд оролцогчдын мэдлэг, соёл дутмаг, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангалтгүй байгаатай холбоотой. 

Уг асуудлыг шийдвэрлэх хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс энэ онд тодорхой ажлуудыг зохион байгуулсаар ирлээ. Замын осол гэмтэл, хэрэг зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг бууруулах чиглэлээр судалгаа, дүгнэлтийг гаргаж, зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийж, уралдаан, тэмцээнийг зохиож, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар тогтоол, шийдвэрүүдийг батлуулж, дэд зөвлөлүүдийг байгуулан ажиллаж байна” гэв.

Уралдаанд оролцогчид онолын мэдлэгээ шалгуулж, хөдөлгүүр, явах анги, цахилгаан тоног төхөөрөмж,  засвар үйлчилгээ, кузов засвар үйлчилгээг гүйцэтгэх юм. Мэргэжил боловсролын үнэлгээний төвийн сургалтанд хамрагдсан, хөндлөнгийн үнэлгээ хийх эрх бүхий ажил олгогч, зөвлөх инженерүүд уралдааныг шүүх аж.

 

Холбоотой мэдээ