Неймар залилангийн хэргээр ял сонсож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2018-11-01 14:35:39
ПАРИС. /TASS/. Францын хөл бөмбөгийн “Пари Сен-Жермен” клубын довтлогч, Бразилийн хөлбөмбөгчин Неймар зургаан жил хоригдох ял сонсож магадгүй байна. Түүнийг 2013 онд Бразилийн “Сантос” клубээс Испанийн “Барселона” багт шилжихдээ залилан хийсэн гэж үзэж байгаа тухай Франс-Пресс агентлаг мэдээлжээ.

Уг хэрэгт мөн “Барселона” клубын ерөнхийлөгч Хосеп Мария Бартомеу, түүний өмнөх ерөнхийлөгч Сандро Росель, “Сантос” клубын ерөнхийлөгч асан Одилио Родригес Фильо болон Неймарын эцэг эх холбогдсон байна.

Неймарыг өөр багт шилжүүлэх эрхийн тал хувийг эзэмшдэг Бразилийн хөрөнгө оруулалтын “DIS” компани гомдол мэдүүлсний дараа эрүүгийн хэрэг үүсгэжээ. "Барселона" клуб Неймарыг шилжүүлэн авах өртгийг 57,1 сая евро гэж мэдэгдсэн бөгөөд 40 сая еврог нь түүний гэр бүл, 17,1 саяыг нь “Сантос” клуб болон "DIS” компани авсан аж. Гэвч Испанийн шүүх тамирчныг шилжүүлэн авсан өртгийн хэмжээг 83 сая евро гэж тогтоосон байна.


Неймар 2013-2017 онд “Барса” клубын гараанд гарч тоглохдоо 186 тоглолтод 105 гоол оруулж, 76 удаа оновчтой дамжуулалт хийжээ. Каталоны клубын бүрэлдэхүүнд тэрбээр хоёр удаа Испанийн аварга болж, тус улсын цомыг гурван удаа хүртжээ. Үүнээс гадна, Испанийн супер цом, Аваргуудын лиг, УЕФА-гийн супер цомыг тус бүр нэг удаа хүртсэн байна. Неймар өнгөрсөн онд хамгийн өндөр үнээр буюу 222 сая еврогоор “ПСЖ” клубт шилжсэн юм.
Холбоотой мэдээ