Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтэд зочилсон тэмдэглэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
boloroo8136@gmail.com
2018-11-01 18:58:51


Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОХУ-ын төрийн өмчит “Росатом” корпорацийн Зүүн Азийн бүс нутгийг хариуцсан "Росатом Восточная Азия" салбараас 10 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд цөмийн физикийн судалгааны том төв, дээд сургууль байрладаг Дубна, Обнинск хотуудтай танилцах аяллыг зохион байгууллаа.


Уг аялалд Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компанийн удирдлага, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг болон  The Mongolian Mining Journal-ийн сэтгүүлийн ажилтнууд оролцсон юм.

Энэ удаагийн аяллын зорилго нь Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн үйл ажиллагаатай танилцах, монгол мэргэжилтнүүдтэй уулзах, түүнчлэн ОХУ-ын цөмийн эрчим хүчний салбар, тэр дундаа Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв гэж юу болох, түүний ач холбогдол, уг төвийг Монголд байгуулснаар ямар өр өгөөжтэй болохыг ойлгож мэдэх, мөн Оросын цөмийн салбарын дэвшилтэт техник, технологи болон тухайн салбарын хүний нөөцийг бэлтгэж буй байдалтай танилцах, Монголын олон нийтийн дунд цөмийн эрчим хүчний талаарх зөв ойлголтыг бий болгох, цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах ямар боломжууд байгааг таниулах явдал байлаа.


Дубна - шинжлэх ухааны хот


Цөмийн шинжлэх ухааны өлгий хот болох Дубна нь Москва мужийн хойд хэсэгт орших цөмийн физикийн судалгааны том төв юм. Монгол Улсын хувьд 1956 онд Цөмийн шинжилгээний нэгдсэн институт /ЦШНИ/-ийг  анх хамтран байгуулалцсан бүрэн эрхт гишүүн орнуудын нэг бөгөөд өнөөдөр тус хүрээлэнд манай улсаас цөмийн физик, математикийн чиглэлээр 11 мэргэжилтэн ажиллаж байна.


Аяллын хүрээнд Монголын төлөөлөгчид Дубна хотод хүрэлцэн ирэхэд ЦШНИ-ийн дэд захирал М.Г.Иткис, тус хүрээлэнгийн Мэдээллийн технологийн лабораторийн дэд захирал О.Чулуунбаатар, хүрээлэнгийн хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн дарга Б.М.Старченко, долоо хоног тутмын “Дубна” сэтгүүлийн  ерөнхий редактор Е.М.Молчанов нар хүлээн авч уулзлаа. Тэднээс гадна сэтгүүлчдийн тавьсан асуултуудад Польшийн эрдэмтэн Владислав Хмелевски, хүрээлэнгийн Гадаад харилцааны  ажилтан М.Г.Лощилов нар хариулсан юм.




Тодруулбал, профессор М.Г.Иткис ЦШНИ байгуулагдсан түүх болоод тус хүрээлэнгийн хамтын ажиллагаа, сүүлийн үед хэрэгжүүлж байгаа томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулав. ЦШНИ нь олон улсын статустай засгийн газар хоорондын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага юм. Өнөөдөр тус институт нь 18 гишүүн орон, мөн засгийн газрын түвшинд байгуулсан хамтын ажмллагааны гэрээтэй 6 улсаас гадна сонирхсон бүх улс орнуудад нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллах зарчим  баримтлан үйл ажиллагаа явуулдаг, олон зуун эрдэмтдийг эгнээндээ нэгтгэж, онолын суурь судалгаа, шинэ технологи, их сургуулийн боловсролын нэгдлийг өвөрмөц аргаар шийдэж чадсан, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй эрдэм шинжилгээний том төв болжээ. Цөмийн физикт нээлт хийх, шинэ бүтээл бий болгох зорилгоор ЦШНИ-ийн эрдэмтэд, инженер техникийн ажилтнууд дэлхийд хосгүй аварга том төхөөрөмжүүд, тухайлбал хурдасгагч, нарийн хэмжин тооцоолох суурь төхөөрөмж зэргийг зохион бүтээсэн байна. Жишээлбэл, дэлхийд цорын ганц ИБР-2М хэмээх нейтроны импульсэн реактор дээр нейтроны ба цөмийн физик болон хатуу ба шингэн төлөвт орших материалын судалгаа, нуклотрон хэмээх хурдасгуур дээр хүнд ионыг асар өндөр энергитэй болтол нь хурдасгах их энергитэй цөм, эгэл бөөмсийн физикийн туршилт судалгаа, У-400 ба У-400М хэмээх хүнд ионы хурдасгуур дээр хэт хүнд химийн элементүүдийг синтезлэн гаргаж авах судалгаа, фазатрон хэмээх протоны хурдасгуур дээр цацрагийн анагаах ухааны судалгааг явуулж байна. Өнөөдөр тус хүрээлэн  5500 орчим ажилтантай бөгөөд тэднээс 1200 нь эрдэм шинжилгээний ажилтан, 2000 орчим нь инженер-техникийн ажилтан юм. ЦШНИ үндсэн 7 лабораторитойгоор  судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна.



(дэлхийд цорын ганц ИБР-2М хэмээх нейтроны импульсэн реактор)


Дубнагийн эрдэмтэд дэлхийд анх удаа Менделеевийн үелэх системийн 105,(113), 114,115,116,117,118 дугаар хэт хүнд химийн элементүүдийг нийлэгжүүлэн гарган авчээ. Эдгээрээс  105 дугаар элемент болох “дубний” нь  Дубна хотын нэрээр, 114 дугаар элемент болох “флеровий” нь  ЦШНИ-д олон жил судалгааны багийг удирдсан эрдэмтэн Г.Н.Флеровийн нэрээр, 115 дугаар элемент болох “московий” нь Дубна хот харъяалагддаг Москва мужийн нэрээр, 118 дугаар элемент болох “оганесон” нь ЦШНИ-ийн эрдэмтэн  Ю.Ц.Оганесяны нэрээр тус тус нэрлэгдсэнийг Олон улсын онолын болон хэрэглээний химийн холбооноос (IUPAC) албан ёсоор зарласан байна.




Уулзалтын дараа Монголын төлөөлөгчид ЦШНИ-ын Нейтроны физик, Цацрагийн биологийн  болон Цөмийн асуудлын лабораториуд, Регата төхөөрөмж, туршилтын танхим, Анагаах ухаан-техникийн цогцолбортой танилцсан юм.




Өнгөрсөн 62 жилийн хугацаанд манай улсаас 100 орчим эрдэм шинжилгээний ажилтан урт болон богино хугацааны томилолтоор ажиллаж, 50 орчим хүн дэд эрдэмтний (PhD), 9 хүн шинжлэх ухааны докторын (ScD) зэрэг хамгаалжээ. Өнөөгийн байдлаар, манай улсын их сургууль, эрдэм шинжилгээний 10 гаруй байгууллагын 60 орчим судлаач ЦШНИ-ын онолын физик, их энергийн физик, нейтроны физик, цацрагийн биологи, материал судлал, цөмийн аналитик арга, тооцоолон бодох математик, компьютерийн ухаан гэсэн чиглэлүүдээр 16 судалгааны ажилд оролцож байна. 


Нэр хүндтэй эрдэм шинжилгээний томоохон төвд ажиллаж буй Монголын залуу мэргэжилтнүүдтэй уулзах явцдаа бид тэдний нэг болох Даваасүрэнгийн Сумхүүтэй цөөн хором ярилцсан юм.




-Сайн байна уу? Та өөрийгөө болон гэр бүлээ танилцуулж,  хийж буй ажлынхаа талаар сонирхуулан ярьж өгнө үү? 


-Сайн байна уу? Намайг Даваасүрэнгийн Сумхүү гэдэг, би физикч мэргэжилтэй. 2008 онд МУИС-ийн Физик электроникийн сургуулийг төгссөнийхөө дараа ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд академич Б.Чадраа гуайн удирдлагад эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтнаар ажиллаж байгаад 2011 оны 10 дугаар сард энд ирсэн. Ирснээсээ хойш Нобелийн шагналт эрдэмтэн И.М.Франкийн нэрэмжит Нейтроны физикийн лабораторийн Цөмийн аюулгүй байдлын группт эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэрийг маань Хүрлээгийн Бадам гэдэг, МУИС-ийн Гадаад хэлний сургуулийг япон хэл, орон судлаачаар төгссөн. Одоо надтай хамт манай лабораторид эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажиллаж байгаа. Миний эрдэм шинжилгээний ажлын хувьд гэвэл, ирсэн цагаасаа хойш ИБР-2М судалгааны реакторын аюулгүй, найдвартай ажиллагаанд зориулан түүний динамикийг тандан судлах загварчлалын болон туршилтын судалгааны ажлыг удирдагч мэргэжилтэн Ю.Н. Пепелышев, А.К.Попов нарын хамт хийж байна. Энэхүү судалгааны багтай академич Д. Сангаа гуай анх намайг холбож өгсөн бөгөөд тэрбээр одоог хүртэл бидэнтэй хамтран ажилладаг. Судалгааны ажлын үр дүнгээрээ дэд эрдэмтний зэрэг хамгаалахаар хичээнгүйлэн ажиллаж байна даа.


-Дубна хотод байрладаг Цөмийн шинжилгээний нэгдсэн институт /ЦШНИ/-д Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөж яваа 11 хүн ажиллаж байна. Та бүгдийн  эрдэм шинжилгээний ажил ямар чиглэл, цар хүрээг хамардаг вэ?


-Цөмийн шинжилгээний нэгдсэн институт бол өөрөө маш өргөн цар хүрээтэй суурь болон хэрэглээний физикийн судалгаа явуулдаг олон улсын байгууллага. Тус институт нь Онолын физик, Их энергийн физик, Нейтроны физик, Радио биологи, Мэдээллийн технологи, Цөмийн асуудлын, Цөмийн урвалын гэсэн орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглогдсон 7 лабораторитай. Эдгээр лаборатори нь тус бүрдээ өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд судалгааны чиглэлүүдээс хамааран олон тооны салбар, тасгуудтай. Одоогийн байдлаар, манайхаас Цөмийн асуудлын лабораториос бусад лабораториуд дээр эрдэм шинжилгээний ажилтнууд ажиллаж байгаа. Бүх зүйлийг нарийвчлан тайлбарлах нь ойлгоход хүндрэлтэй байх болов уу. Бидний энд хийж буй эрдэм шинжилгээний ажлууд нь маш өргөн цар хүрээтэй бөгөөд судалгааны үр дүн, бидний хуримтлуулж буй туршлага нь ирээдүйд манай улсын шинжлэх ухаан, технологийн дэвшилд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байдаг.


-Монгол Улсын Цөмийн энергийн комисс, ОХУ-ын “Ростатом” корпораци  Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв /ЦШУТТ/ байгуулах тал дээр хамтран ажиллахаар болсон. Та цөмийн физик шинжлэх ухааны салбарт эрдэм шинжилгээний ажил хийдэг хүний хувьд энэ төв манай улсын хувьд ямар  хэрэгцээ шаардлага, ач холбогдолтой гэж бодож байна вэ?


-Үнэхээр сайхан мэдээ байна, хэрэгтэй байлгүй яахав. Өнөөдөр дэлхий дахинд цөмийн технологийг хэрэглэдэггүй салбар гэж бараг үгүй. Хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, хил гааль, эрчим хүч гээд яриад байвал хэрэглээний хувьд нэлээд өргөн. Хэрвээ манай улсад боломж бололцоо нь бүрэлдээд, ийм төв байгуулж чадваас дээр дурдсан олон салбарт үр өгөөжөө өгч, цөмийн технологийн материаллаг баазтай болох, хүний нөөцийг бэлтгэх зэрэг ихээхэн ач холбогдолтойгоос гадна одоо гадаад орнуудад явуулж буй олон тооны суурь болон хэрэглээний физик, биологи, хими, геологи, материал судлалын салбарын судалгааг дотооддоо явуулах боломж бололцоо нээгдэнэ. “Росатом” корпорацийн хэд хэдэн шинжлэх ухаан, технологийн төвүүдийг очиж үзэж байхад цагаан атаархал төрж байсан шүү. Бараг бүгд хажуудаа инновацийн төвтэй, нэг ёсондоо шинжлэх ухааны судалгааны үр дүнг шууд технологид нэвтрүүлж, үйлдвэрлэлд ашигладаг нь харагдаж байсан. Ямар багаж тоног төхөөрөмжтэй, ямар чиглэлээр илүү түлхүү судалгаа явуулах зэргийг хоёр тал хоорондоо ярилцах байх. Ийм ажил эхлээд, яриа хэлэлцээр явагдаж байна гэдэг чинь маш сайхан мэдээ байна.


-Энд ер нь хэчнээн монгол хүн ажиллаж амьдарч байгаа вэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөж, баяр ёслолыг хэрхэн тэмдэглэдэг вэ?


-Албан ёсоор 11 эрдэм шинжилгээний ажилтан ажилладаг бөгөөд гэр бүлийн гишүүдтэйгээ нийлээд 30 гаруй монголчууд бий. Бямба гарагуудад бид ЦШНИ-ийн спорт зааланд сагс тоглодог, хааяа чөлөөт цагаараа нар салхинд гарах, баяр ёслолын үеэр нэгнийдээ зочлох гээд л бид чинь их эв найртай, нийтэч хамт олон. Цагаан сараар насаар ахмад нэгнийдээ зочилж, амар мэндийг нь асууна, наадмаар Дубна голын эрэг дээр төрийнхөө далбааг мандуулж байгаад эрчүүд нь барилдаад, хүүхдүүдээ уралдуулаад сайхан өдөрлөг зохион байгуулдаг даа.





Обнинскийн Цөмийн эрчим хүчний дээд сургууль салбарын хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна


Гадаадын иргэдийн хувьд нээлттэй болоод хэдэн жил болж байгаа Обнинск хотод 13-ний өдөр ирснээр бидний аялал цааш үргэлжиллээ. Энд “МИФИ” Цөмийн судалгааны үндэсний их сургуулийн Обнинскийн Цөмийн эрчим хүчний  дээд сургуулийн үйл ажиллагатай танилцаж, сургуулийн албаны хүмүүстэй уулзахын сацуу монгол оюутнуудтай ярилцах завшаан гарсан юм.


Энэ онд тус сургуулийг ОХУ-ын 74 иргэн, Монгол Улсын 2 иргэн болон Вьетнам, Турк улсын иргэд гээд нийт 173 оюутан төгссөн гэж сургуулийн албаны хүмүүс танилцуулсан юм. “Росатом” корпораци ба Монгол Улсын Цөмийн энергийн комиссын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу энд суралцахаар ирсэн анхны цөмийн мэргэжилтнүүдийн нэг болох Баттулгын Тэмүүжин тус сургуулийг улаан дипломтой төгссөн бол Отгонбаярын Бат-Оргил “Цөмийн цахилгаан станцын зураг төсөл боловсруулалт, ашиглалт, үйл ажилллагааны  инженер” мэргэжлээр амжилттай суралцаж, дипломоо гардан авч байсныг тэд онцолж байв.


Дашрамд сонирхуулахад, тус сургууль 6 жилийн өмнөөс цөмийн мэргэжлээр гадаадын оюутнуудыг бэлтгэж эхэлсэн бөгөөд уг чиглэлээр мэргэжилтнээ бэлтгэсэн гадаадын гуравдахь улс нь Монгол Улс болж сургуулийн хүндэтгэлийн тавцанд манай улсын дурсгалын самбарыг байрлуулсан байна.


Өдгөө тус сургуульд 3500 гаруй оюутан, тэдний дотор дэлхийн 20 гаруй орны 400 оюутан, Монгол Улсаас 5 оюутан суралцаж байна. Манай оюутнууд бол Д.Баттуяа (1-р курс), Ж. Сарангоо (4-р курс), Т.Хүслэн, П.Бэлгүтэй (2-р курс), О.Гүрбазар (6-р курс) нар юм.  Обнинскийн Цөмийн эрчим хүчний дээд сургуулийн үйл ажиллагатай  танилцах үеэр Монголоос ирж суралцаж буй оюутнуудтай уулзаж ярилцах завшаан тохиосон юм. Тэд хичээл сургууль, орос хэл, чөлөөт цаг гээд оюутны амьдралынхаа талаар ярилаа.




-Та бүхэн ямар учраас энэ сургуулийг сонгов?


Т.Хүслэн: -Бид энд ирснээр цөмийн салбарыг  илүү гүнзгийрүүлэн судалж байгаа, Монголд бол бид анхан шатны ойлголттой, тухайлбал, нэр томъёо гэх мэт анхан шатны ойлголт авдаг байсан бол энд ирээд бид тэдгээр томъёог бүх талаас нь гүнзгийрүүлсэн түвшинд судалж байна, ер нь бол Оросын их, дээд  сургуулиуд суурь мэдлэгийг маш сайн олгодог гэж би боддог.


П.Билгүтэй:-Би анхнаасаа л энэ сургуульд  сурахыг зорьсон учраас дунд сургуулиасаа л бэлтгэж эхэлсэн.


-Монгол хүүхдүүд ОХУ-ын их, дээд сургуульд тэтгэлгээр суралцах боломж хэр их нээлттэй байдаг вэ?


Д.Баттуяа: -Ер нь бол боломж бий. Жил ирэх тусам ийм боломж улам өргөжиж байгаа. Оросын Шинжлэх ухаан соёлын төвд /ОШУСТ/ шалгалт өгч тэнцсэн 500 хүүхдэд ОХУ-д 100 хувь тэтгэлгээр суралцах зургаан сургуулийг санал болгодог. Эхлээд өөрийн сонгосон сургууль руугаа материалаа явуулдаг, тухайн сургууль нь биднийг тэнцсэн эсэх талаар хариугаа өгнө, тэнцээгүй тохиолдолд өөр сургууль руу материалаа илгээдэг. Босго онооноос их зүйл хамаарна. Ер нь бол ОХУ-д сурах боломж жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Харин Обнинскийн сургуульд Монголоос ирж буй оюутнууд бол цөөхөн.


-Хэдэн орны хүүхдүүд энэ сургуульд сурдаг вэ?


О.Гүрбазар: -Манай сургуульд сүүлийн жилүүдэд гадаад оюутнуудын тоо нэмэгдэж байгаа. Гадаад оюутнуудын дундаас хамгийн эхлээд Вьетнам, Турк улсын оюутнууд ирсэн. Вьетнамын хувьд гэвэл, тус улс атомын цахилгаан станц /АЦС/ барих төлөвлөгөөгөө баталчихсан учраас тус станцад ажиллах боловсон хүчнээ бэлтгээд эхэлсэн. Гэхдээ яг одоо станцын барилгын ажил нь гацсан гэж сонссон. Турк улсад АЦС баригдаж байгаа гэсэн.


-Та бүхэн хэдхэн жилийн дараа Монголын цөмийн салбарын мэргэжилтнүүд болно. ОХУ-ын “Росатом” улсын корпорацитай Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв (ЦШУТТ), Цөмийн эрчим хүчний станц эсвэл Цөмийн шинжлэх ухаан технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг энэ оны  2 дугаар сард байгуулсан. Энэ тухай та нар сонссон уу, юу гэж бодож байна?


Т.Хүслэн: -Бид энэ салбарыг энэ сургуульд л ирснээрээ гүнзгий судалж эхэлсэн, дээрээс нь мэдлэг олж авах шатандаа байгаа учраас сайн хэлж мэдэхгүй байна, гэхдээ энэ төв нь манай улсын хувьд маш олон талын ач холбогдолтой гэж бодож байна.


-Та нарын стипенд хэр хүрэлцээтэй вэ. Төгсөөд хаана ажиллах талаар боддог уу?


Д.Сарангоо:- Бидний сарын стипенд бага учраас хүрэлцдэггүй. Эцэг эх маань бидэнд хичээлийн хажуугаар бизнес эсвэл ажил хий гэж зөвлөдөг. Гэтэл бид нарын хувьд ийм бололцоо байхгүй. Энд мах их үнэтэй, ялангуяа үхрийн мах. Гэрээс хааяа мах, борц ирдэг. Бид нар оюутны байранд нэг секцид амьдардаг учраас нэг нэгэндээ их тусалдаг. Ер нь бид хичээлдээ ч тэр, сургуулиаас зохион байгуулдаг соёл урлаг, спортын арга хэмжээнд ч их идэвхтэй оролцдог яг л нэг цөм гэсэн үг. Хэдийгээр вьетнам, туркууд олуулаа ч гэсэн бид цөөхүүлээ атлаа шатрын тэмцээнд аваргалаад л гараад ирнэ, бусад спортын төрөлд ч мөн түрүүлдэг.


-Та нарын амьдарч байгаа Обнинск хот их сайхан хот байна...


-О.Гүрбазар: -Обнинск нээлттэй хот болсны дараа дээд сургууль нь Москва хот дахь МИФИ их сургуультай нэгдээд анхны гадаад оюутнуудаа хүлээж авч эхэлсэн. Анхны оюутнууд нь вьетнамчууд байсан бол монголчууд  2013 оноос тус сургуульд сурч эхэлсэн. Миний хувьд би энэ жил төгсөнө. Дипломынхоо ажлаа “Устөрөгчийн аюулгүй байдал” гэсэн сэдвээр хийж байгаа.


Тус сургуулийн удирдлагын зүгээс монгол хүүхдүүдийг бэлтгэл сайтай, суралцах чадвар эрмэлзэл өндөртэй гэдгийг хэлж байлаа. 


Тэдний ярьснаар, 2017 онд “Росатом” корпорацийн “Русатом сервис” компанийн ажилтнууд Монгол, Вьетнамын төгсөх ангийн оюутнуудтай уулзаж, Беларусь, Бангладеш улсуудад баригдаж буй атомын цахилгаан станцууд дээр нэг жилийн хугацаатай дадлагажигч ажилтнаар ажиллах санал ирсэн талаар танилцуулжээ. Ийм учраас цаашдаа төгсөх ангийн монгол оюутнуудад өөр газраас дахин ийм санал ирэх магадлал өндөр байгаа юм. Дээр нь мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцах боломж бий болж, Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах төслийн хүрээнд шинээр ажлын байр гарна гэж үзэж байгаагаа тус сургуулийн удирдах ажилтнууд хэлсэн юм.


Эцэст нь, Монгол Улс ба ОХУ-ын хооронд цөмийн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа хэрхэн өрнөж буй талаар товчхон өгүүлье. Москва хотноо 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хуралдсан Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 21 дүгээр хуралдааны явцад Монгол Улсын Цөмийн энергийн комисс, ОХУ-ын  “Росатом”  корпорацийн хооронд Монгол Улсад Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв (ЦШУТТ) байгуулахад хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан юм.


Уг Санамж бичгийн зорилго, ач холбогдлыг дурдваас, Монгол Улсын Цөмийн энергийн комисс нь ОХУ-ын “Росатом” улсын корпорацитай Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах тал дээр хамтран ажиллахаар боллоо. Эхлээд хоёр талын нарийн мэргэжлийн хүмүүс Монгол Улсын хэрэгцээнд ямар тоног төхөөрөмж, судалгааны суурь төхөөрөмж шаардлагатай гэдгийг тодорхойлно. Төв байгуулахын ач холбогдлын тухайд гэвэл, юуны түрүүнд, түүнийг байгуулснаар судалгаа шинжилгээний ажил хийх орчин бүрдэх юм. ЦШУТТ байгуулах төслийг хэрэгжүүлэхийн тулд эхлээд «Замын зураг»-ийг боловсруулна. Хамтын ажиллагааны чиглэл, цар хүрээг тодорхойлох үүднээс хоёр талын шинжээчдийн уулзалтыг зохион байгуулж, ажлын хэсэг байгуулж ажиллахаар төлөвлөж байна. Үүний үр дүнд цөмийн эрчим хүч, цөмийн технологийн чиглэлээр гадаад, дотоодод суралцаж төгссөн манай судлаачдын хувьд судалгааны ажлаа хийх, бүтээл туурвих нөхцөл бүрдэх юм. Хоёрдугаарт, салбарын хүний нөөцийг бэлтгэх ажилд чухал үүрэгтэй. Монгол Улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглаж эхлэх тэр үед мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэн байх учиртай. Гуравдугаарт, бизнесийн ач холбогдолтой. Тодруулбал, хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, цацраг идэвхит изотопын үйлдвэрлэл зэрэг салбарт гадаадаас импортолж байгаа бүтээгдэхүүнийг дотоодоос хангах боломж бүрдэнэ.


Сурвалжлагч-орчуулагч Г.Батцэцэг

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ