Шинжилгээнд тэнцээгүй 40 гаруй тонн жимсийг экспортлогч улсад нь буцаав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.mn
2018-11-02 00:30:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны лабораторийн шинжилгээгээр Шинэ Зеланд улсаас импортолсон 42,5 тонн жимс, жимсгэнэ стандартын шаардлага хангаагүй тул экспорлогч улсад нь буцаав.


Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас “Хүнсний аюулгүй байдлыг хангахад-Иргэн таны оролцоо” аяны хугацаанд Дорноговь аймгийн Замын–Үүд боомтын том тэрэгний хяналтаар нийт 713 ААН, долоон иргэний импортолсон 31763 тонн бараа, бүтээгдэхүүнийг хянаж шалгав. Мөн 11,9 мянган тонн бодис, 19,6 мянган тонн бараа, бүтээгдэхүүнийг хяналтад хамруулахаар шилжүүлжээ.


Түүнчлэн хаяг шошгын зөрчилтэй, дагалдах бичиг баримтгүй, гарал үүсэл тодорхойгүй 9,1 тонн бүтээгдэхүүн, 5,07 тонн өнгөт үрэл, чихэр, 305 кг гахайн мах, 3,2 тонн гахайн тэжээл, 80 кг улаан чавга, 980 кг маргарин зэргийг хурааж, найман нэр төрлийн 133 ширхэг эмийг экспортлогч улсад буцаажээ.

Хилийн Мэргэжлийн хяналтын албанаас сарын аяны хүрээнд импортлогч ААН, иргэдэд хүнсний аюулгүй байдлын талаар гурван удаагийн сургалт  хийсэн байна.

Холбоотой мэдээ