Б.Одмандах: Галт зэвсгийн зөрчлөө арилгах боломж бий шүү

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-11-02 00:31:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт” тасралтгүй явагдаж байна. Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн бүртгэл, тооллого өнгөрөгч 10 дугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд эхэлсэн бөгөөд ирэх 12 дугаар сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын талаар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандахаас зарим зүйлийг тодрууллаа.

 

-Галт зэвсгийн бүртгэл үргэлжилж байна. Танай төвөөс иргэдэд явуулдаг сургалтаа хэрхэн зохион байгуулж байна вэ?

 

-Ихэнх улс оронд галт зэвсгийг иргэний гүйлгээнд хязгаарлагдмал хүрээнд хатуу хяналтын дор зөвхөн эрх бүхий этгээд өмчлөн эзэмшиж, ашигладаг. Галт зэвсэг нь орчин тойрон, бусдад аюул учруулж болох онцгой бараа учраас энэ харилцааг хуулиар зохицуулдаг. Галт зэвсгийн тухай хуульд нийцүүлэн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын заавар”-ыг баталж, “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө”-г баталсан байдаг. Үүний хүрээнд бид сургалтыг зохион байгуулдаг юм. Харин Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд явагдаж байгаатай холбогдуулан сургалтаа 7 хоногт хоёр удаа зохион байгуулж байна.

 

-Сургалтыг ямар хугацаанд хэрхэн зохион байгуулж байна вэ?

 

-Сургалт хоёр өдрийн хугацаатай явагдана. Эхний өдөр танхимын сургалтаар галт, зэвсгийн тухай хууль, эрх зүйн зохицуулалт, хадгалалт, хамгаалалт, галт зэвсэг /сум/-ийн бүтэц, аюулгүй ажиллагаа, галт зэвсэг хэрэглэх сэтгэл зүйн бэлтгэлжилт, эмнэлгийн анхан шатны тусламж зэрэг хичээлийг судална. Хоёр дахь өдрийн хичээл манай төвийн Нарстай дахь хээрийн сургалтын хэсэг /нийслэлээс 75 км/-т болж, суралцагчдад буудлагын шагайвар хийх, буудлага үйлдэх аргачлал, галт зэвсгийн аюулгүй ажиллагааг хангах, сургалтын буудлага үйлдэх дадлагыг явуулдаг. Ингээд шалгалт авч тэнцсэн иргэдэд гэрчилгээ олгодог юм.  Иргэд, байгаль хамгаалагч, харуул хамгаалалтын ажилтнууд сургалтад хамрагдсанаар галт зэвсэгтэй холбоотой үүдэн гарах аливаа осол гэмтэл, учрал, хор хохирол, аюулаас урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой.

 

-Сургалтад хамрагдахын тулд ямар бичиг, баримт бүрдүүлэх шаардлагатай вэ?

 

-Иргэн, хуулийн этгээд сургалтад хамрагдахын тулд дараах баримт, материалыг бүрдүүлнэ. Үүнд:

-       Суралцахыг хүссэн өргөдөл /албан бичиг/

-       Иргэний үнэмлэхний хуулбар

-       Оршин суугаа газрын тодорхойлолт

-       Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл, согогийн жагсаалтад заасан өвчин, эмгэггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /Маягт-А33-ын дагуу Сэтгэцийн эрүүл мэндийн төв болон харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийн дүгнэлт/

-       Нэг хувь цээж зураг /3x4 хэмжээтэй/

-       Төлбөр төлсөн баримтын эх хувь /Төрийн сан, Сургалтын төвийн 100900012047 дугаар дансанд 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөг тушаасан байна/. Эдгээр материалыг бүрдүүлсэн иргэн, хуулийн этгээд Сонинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний гудамж, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвд биеэр ирж бүртгүүлнэ. Мөн түүнчлэн сургалттай холбоотой холбогдах  мэдээллийг 95147102, 93024600, 86127102 дугаарын утсаар болон Web: www.surgalt.police.gov.mn, http://www.facebook.com/Цагдаагийн Ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв/ цахим хаягаас авч болно.

 

 

 

Холбоотой мэдээ