Улаанбаатарт ирэх онд 3х3 сагсанбөмбөгийн U 18 насны ДАШТ болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-02 07:50:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ФИБА/-ны 3х3 U18 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны зургаадугаар сард Монгол улсад зохион байгуулахаар боллоо.


Тус эрхийг 3х3 Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос манай улсад албан ёсоор олгох үед Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Л.Мягмаржав хүрэлцэн очиж гарын үсэг зурсан юм. Тэрбээр “Монгол улсад U18 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрх олгосонд бид их хүндэтгэлтэй хандаж байна. Тус тэмцээн нь Монгол улсын багийн спортын түүхэнд анх удаа тохиож байгаа гэдгээрээ онцлогтой” гэжээ.


ФИБА 3х3 U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, нийт 40 баг өрсөлдөнө. Манай шигшээ багийн хувьд тус насны ангиллаар Ази тивээс хүрэл медаль хүртсэн. Мөн саяхан болж өнгөрсөн Хүүхдийн олимпийн наадамд амжилттай оролцсон юм.

 


Холбоотой мэдээ