ЖДҮС жигшил зэвүүцэл

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-11-06 18:30:55

Жижиг дунд үйлдвэрийн сан (ЖДҮС)-г тойрсон үйл явдал жигүүртэй юм шиг газар авч байна. Амтай болгон ярьж, чихтэй болгон сонсож байх шиг. Ер нь тус сан мянга 178 төсөл хүлээн авч, түүний 480-ыг нь шалгаруулжээ. Түүнийхээ 136-д нь жилийн гурван хувийн хүүтэй зээл олгосон аж. Зээлдэгчдийн 122 нь УИХ-ын гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтны өөрийн болон түүний хамаарал бүхий этгээдийн аж ахуйн нэгжүүд авсан гэх. Үйл явдлын гол цөм ердөө энэ.  Гэвч энэ нь нийгэмд жигшил, эгдүүцлийг хамтад нь аваад ирлээ. Цаашилбал нэг нь нөгөөгөө үзэн ядах үзлийг авч ирж болзошгүй.

 

Босч ирсэн маргаантай явдалыг цааш нь дэвэргэх үү, нам дарах уу гэдэг нь үйл явдлын цар хэмжээнээс илүүтэй улс төрчдийн дурын хэрэг болсон нь сүүлийн үед ажиглагдах болсон билээ. Энэ байдалтай зэрэгцээд Асемтай холбоотой баахан хүний нэр гарч ирлээ. Түүнийг ЖДҮС-гийн  асуудлыг замахруулах үүднээс зориудаар гаргаж ирэв  гэсэн санааг ТВ-9 телевиз “монгол комет” нэвтрүүлгээрээ   хөндлөө. Хэнд ч хардах эрх байдаг үүднээс энэ талаар  нэмж хэлэх зүйл алга.

 

Монголбанкны ерөнхийлөгч Н. Баяртсайханыг тус сангаас зээл авсан гэж шууглаа. Шуугааны гол эзэн “би хаанаас ч ямарч зээл аваагүй” гэдэг няцаалтыг  хийлээ. Өөрөө хэлэх нэг хэрэг. Харин энэ талаар албан ёсны ямар нэг шийдвэр одоохондоо гараагүй байгаа. Хууль хяналтын байгууллага цаашдаа энэ талаар ямар нэг шийдвэр гаргах магадлатай. Түүнийг эерэг талаас нь харбал Н. Баяртсайхан ЖДҮС-гаас ямарч зээл аваагүй байна гэж шийдвэр гарлаа гэж үзье. Харин ийм шийдвэр гарах тэр мөчид шуугааны эзэн аль эрт тус сангийн хамгийн том зээлдэгч “луйварчин” болчихсон байх магадлал тун өндөр байна. Ийм нөхцөлд “сайн нэрийг хүсэвч олдохгүй муу нэрийг хусавч арилахгүй” гэдэг зүйр үг биелчихсан байх боломжтой. Хүний буруу үйлдэл, хар хэл ам ийм хор аюултай байдаг учраас  монголчууд “хүн нэрээ тогос өдөө” гэж хэлж ярьж сургаж ирсэн биз. Энэ бол нэг л эрхэмийг төлөөлүүлж нэр дурьдлаа. Гэхдээ бусдад нь хамаатай гэдгийг ЖДҮС-тай нэр холбогдсон улстөрчид санаж явахад илүүдэхгүй болов уу. (Бага хүүтэй их зээл авсан, улс төрчид банк, банкбус санхүүгийн байгууллага (ББСБ)- аар дамжуулан мөнгө хүүлдэг болов уу гэдэг санааг иргэд илүүтэй хөндөж   байгаа тул түүний нэрийг жишээ болгож орууллаа).

 

ББСБ энэ үйл явдалд тадагдан орж ирлээ. Тус салбарын орлого ашиг 2017 онд өсч эхэлсэн байх юм. Мөн онд 534 ББСБ үйл ажиллагаа явуулсан бөгөөд 90 хувь нь зөвхөн зээлийн үйлчилгээ явуулжээ.  Мөн онд ББСБ хөрөнгө 969.2 тэрбум төгрөгт хүрч дээд цэгтээ хүрсэн гэнэ. Бий болсон хөрөнгийн өсөлтийн 88 хувь нь зээлийн өсөлтөөс үүдэн гарчээ. Зээл олголт нь  нэмэгдсэн тул тэд 2017 онд 67 тэрбум төгрөгийн ашиг олжээ.Тэгвэл 2018 оны эхний 10 сарын байдлаар 540 гаруй ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тэдний хөрөнгө нь 1.7 их над төгрөг болжээ..  Жил хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн хэмжээний хөрөнгө энд хуримтлагдсан нь ББСБ эзэндээ  өндөр өгөөж өгч байгааг нотлох хамгийн ойрын баримт биз.

 

Хүний хэрэгцээ их болохоор  нийгэмд ББСБ олон үүрэг гүйцэтгэдэг болов уу. Тэднээс ганцхан зүйлийг энд жишээ болгон авч үзье. Автомашины хэрэглээ өндөр болсон, борлуулалт ч сайн байдаг бололтой. Энэ зах зээлд гол төлөв ББСБ үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Бэлэн мөнгөөр автомашин авдаг иргэдийн тоо ханах шинжтэй болсон. Харин зээлээр машин авах хүн олон байна. Тэднээс ББСБ 30 хувийн урьдчилсан төлбөр шаардаад үлдсэн мөнгийг нь зээлдүүлдэг. Гэхдээ 1-2 сар  зээл төлөхгүй бол машин хураах нөхцөлөөр гэрээ хийх юм билээ. Зах зээлд хамгийн их борлогдож байгаа прус-30 маркын автомашинаар жишээ татъяа. Үнэ 18 сая гэж авч үзье. Түүний 30 хувь таван сая 400 мянган төгрөг, үлдсэн 12 сая 600 мянган төгрөгийг доод тал нь 40 хувийн хүүтэй ББСБ-аас зээлнэ. Эргүүлээд тэдэнд 17 сая 640 мянган төгрөг болгон хамгийн урт нь гурван жилийн хугацаанд төлнө. ББСБ хугацааг аль болох богино байлгахыг эрмэлзэнэ. Хугацаа богино байх тусам сард төлөх төлбөр өндөр гарна. Машины ченж, зээл олгох ББСБ зааж өгнө. Харин өөр сонголт байхгүй тул машины үнэ буухгүй зээлийн хүү хөдлөхгүй. Энэ нөхцөлд худалдан авагч ганцаардана.  Өөрөөр хэлбэл машин авах гэж байгаа  хүн хүсэл тэмүүлэл,  эр зоригтоо хөтлөгдөн  эргэн төлөлтийг бодохоос илүүтэй машин авахыг  чухалд тооцогддог бололтой. Тэгээд ББСБ, машины женж хоёрын хэлсэн аманд унана. Тэр 18 саяар үнэлэгдээд байгаа прус-30 бэлэн мөнгөтэй хүнд гурван саяар бууж зарагдаж байх жишээтэй. Яг ийм тохиолдолд зах зээл дэх автомашины үнийг ББСБ найман сая төгрөгөөр өсгөдөг байх төлөв ажиглагдаж байгаа юм. Бизнес болон ЖДҮ эрхлэгчид арилжааны банкны шаардлага давахгүй тул ББСБ-аас зээл авдаг гэх. Харин ийм тохиолдолд тэдний олон жилийн хамтын ажиллагааны үр дүнд хүү 40 хувиас доогуур байх магдлалтай юм билээ.  

 

Эдийн засагч шинжээч Г. Доржханд “ЖДҮС-нд байгаа мөнгийг  тэрбумаар нь улстөрчид  аваад цааш нь 50, 100 хувийн хүүтэй зээлүүлээд байх боломж манайд байна. Энэ хэлбэрээр улстөрчид ард түмнээсээ хулгай хийж болохгүй л дээ” гэж хэлсэн байх юм. Түүнийг цааш нь задалд авч үзвэл төсвийн хөрөнгөөр жижиг дүнд үйлдвэрлэгчдэд зориулагдсан бага хүүтэй мөнгө “увайгүй” улстөрчдийн гараар орж ББСБ-аар дамжин өндөр хүүтэй зээл болон гарч эргэж тэднийгээ “мөлждөг” бололтой. Эндээс харвал манай бэлэн мөнгөний зах зээл мөнгө хүүлэгчдэд орон зайгаа тавьж өгсөн юм биш үү.

 

Тэрхүү зах зээлийг эзлээд байгаа мөнгө хүүлэгчид хэн болох талаар дурьдах нэр алга. Харин иргэн таньд энэхүү зах зээлийг эзлээд байгаа мөнгө хүүлэгчдийн нэрийг зарал гэж төрийн албан ёсны байгууллагаас шаардах эрх бий. Таны шаардлагыг мөнгөний зах зээлийг эзлээд байгаа мөнгө хүүлэгчдийг  тэд зарлаагүй тохиолдолд түүнд холбогдсон хэнийг ч та мөнгө хүүлэгч гэж хардах эрхтэй. Энэ эрхээ эдлэх боломжийг  иргэн таньд үлдээе. Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ