Гар утсаа ашиглан махны баталгаатай эсэхийг шалгах боломж бүрдэж эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2018-11-02 15:16:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Технологийн дэвшил дээр суурилсан ухаалаг системийн тусламжтай аппликейшнийг хэрэглэсэн баталгаат махны худалдааны нээлт өнөөдөр нийслэл хотноо “Лавай” болон "Е-март" худалдааны төвүүдэд боллоо.

Мал эмнэлгийн гэрчилгээний систем бүхий аппликейшнийг ашиглан тухайн махан бүтээгдэхүүн дээр тавигдсан зураасан код буюу баар кодыг уншуулахад аль аймаг, сумаас бэлтгэсэн мах болохыг, бүр тодруулбал, тухайн мах, махан бүтээгдэхүүн хаанахын мал эмнэлгээр баталгаажиж аль үйлдвэрт боловсруулсныг хүртэл мэдэх боломжтой болж байна. Дээрх үйл ажиллагаа нь Швейцарийн Хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлж буй малын эрүүл мэндийн “Ногоон Алт” төслийн дэмжлэг, Мал эмнэлгийн Ерөнхий газрын санаачилгаар болж байна.



Эрүүл хүнс гэсэн мэдээллийг газар дээр нь шууд харж болно


Монголчуудын махны хэрэглээ өндөр бөгөөд нэг хүнд жилд 130 кг мах ногддог статистик тоо байна. Өндөр хэрэглээтэй монголчууд бид махаа өргөн хэрэглэхдээ эрүүл малын, баталгаатай мах идэж чадаж байна уу гэдэг нь эргэлзээтэй байдаг бөгөөд үүнийг өнөөдрөөс эхлэн арилгаж байгааг мэргэжилтнүүд хэлж байв.

Яаж мэдэх талаар тодруулахад, гар утас дээр “Мал эмнэлгийн гэрчилгээ” гэсэн системийн аппликейшнийг үнэгүй татаж суулгаад, түүгээр таны худалдан авч буй махан дээрх кодыг уншуулснаар тэр мал, мах хэр баталгаатай, хаанаас гарал үүсэлтэй, хаана бэлтгэж боловсруулсан, эрүүл малын баталгаатай мах гэсэн бүхий мэдээллийг шууд харж мэдэж болно гэв. Бид үүнийг газар дээр нь туршиж үзэхэд тэнд худалдаалж байсан махны мэдээлэл “Төв аймгийн Өндөр-Ширээт сумын Уянга баг. “Нэт фүүд” ХХК-д боловсруулж бэлтгэсэн”, “Хөвсгөл аймгийн сумын баг” гээд бүх мэдээлэл нь шууд он, сар, өдөртэйгээ гарч ирж байлаа.


Монголчууд хүнсэндээ хэрэглэх махаа эрүүл эсэхийг гар утаснаасаа баталгаажуулах боломжтой боллоо


Мэдээллээр аймаг, сумынх нэр гарч ирж байгаа нь тухайн орон нутгийн бэлчээрийн төлөв байдлыг хүртэл нэрээр нь хөөн харж, худалдан авах гэж буй бүтээгдэхүүнээ эрүүл бэлчээрт идээшилж байсан малаас бэлтгэсэн эсэхийг шалгах боломжтой болж байна.

Цаашилбал, бүр мал эмнэлгийн зохих үйлчилгээнд хамрагдсан, малын хорио цээртэй халдварт өвчний голомттой нутгаас бэлтгээгүй, эрүүл бэлчээрт идээшилсэн, мах бэлтгэлийн өмнө эмийн үлдэлдэлгүй болохыг нь шалгасан, тухайн мал, маханд хийсэн вакцины гээд нарийн мэдээллүүдийг ч мэдэж болохоор байна.



Техник технологийн дэвшлийг ашигласан баталгаат махны худалдаа одоогоор “Лавай” болон “Е-март” худалдааны төвүүдэд нэвтэрч эхлээд байна. Удахгүй нийслэл дэх худалдааны бүх төв, захуудад дэлгэрнэ гэдгийг холбогдох албаныхан өнөөдөр сэтгүүлчдэд дуулгасан юм.

Малын хулгай үгүй болох нь


Системийн давуу тал, ач холбогдол гэвэл нэгд, малчдын хувьд мал, махаа баталгаатай ААН, үйлдвэрт шууд нийлүүлж хамтран ажиллах боломж нөхцөл бүрдэж байна. Тодруулж хэлбэл, тухайн малчных эрүүл махтай гэдгийг нэг талаар баталгаажуулж өгч, ингэснээр малчдыг зах зээлд чөлөөтэй гарах үүд болж байна гэсэн үг. Мах бэлтгэн нийлүүлэлт ийнхүү баталгаатай, хяналттай болсноор малын хулгай гэдэг байхгүй болно гэдгийг өнөөдрийн худалдаан дээр ирсэн Хөвсгөл аймгийн малчин Р.Содов хэлж байлаа. Ухаалаг систем бүхий махны худалдааны давуу талын талаар цааш өгүүлбэл, хэрэглэгчдэд баталгаатай, эрүүл хүнс хэрэглэх зам нээгдэж байна.



Мөн нөгөө талаар малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, энэ талын мэдээллийг худалдан авагчаас эхлээд мах боловсруулж бэлтгэх, худалдаалах газрууд гээд холбогдох бүх тал авч, мал эмнэлгийн үйл ажиллагааг үр дүнтэй болгон чанаржуулж буй, дотоодын хэрэглэгчдээс гадна эрүүл, баталгаатай мал, махаа гадаадад, экспортод гаргахад бэлэн болж буй, Монгол Улс хүнсний аюулгүй байдлыг хангах тал дээр дэвшил гаргаж буй, олон талын ач холбогдолтойг Малын эмнэлгийн ерөнхий газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн төслийн менежер, “Лавай” худалдааны төвийн удирдлага бусад мэргэжилтнүүд нэгэн зэрэг хүлээн зөвшөөрч байгааг өнөөдрийн арга хэмжээн дээр илэрхийлсэн юм. Малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн эргэн мөшгих тогтолцоо бүхий энэхүү ухаалаг хэрэглээ нь сүүлийн үеийн технологи дээр суурилж, гүйцэтгэлийг “Дижитал медик” компани хэрэгжүүлж байна.

Өнөөдрөөс эхэлж буй энэхүү ухаалаг системээр баталгаажсан махны өргөтгөсөн худалдаа “Лавай” худалдааны төвд 3 өдөр үргэлжлэх юм. Худалдаанд Төв, Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймгаас ирсэн малчид оролцож байна.


Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал 

Холбоотой мэдээ