Ургац хураалт өмнөх оноос 172.6 мянган тонноор илүү байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-04 13:32:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд ургац хураалт дуусч урьдчилсан дүнгээр 409.6 мянган тонн үр тариа хураан аваад байна.

Өнгөрсөн онтой харьцуулахад 172.6 мянган тонн үр тариа илүү хураан аваад байна.

Ингэснээр манай улс улаанбуудайн болон төмсний дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломж бүрдсэн талаар Ургацын төв штабаас мэдээлж байна.


Өнгөрсөн сарын сүүлчийн байдлаар 160.9 мянган тонн төмс, 93.6 мянган тонн хүнсний ногоо, 117.8 мянган тонн тэжээл, 19.3 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна. Өмнөх онтой харьцуулахад төмс 44.5 мянган тонноор, хүнсний ногоо 14.5 мянган тонноор, тэжээл 57.3 мянган тонноор, тосны ургамал 7.2 мянган тонноор тус тус өссөн үзүүлэлттэй байна. Хаврын тариалалт, намрын ургац хураалтыг хэвийн явуулахад нь тариаланчдад бүхий талын дэмжлэг үзүүлснээр энэ жилийн тухайд урьд онуудаас тариалалт эрс нэмэгдэн, арвин ургац хураан аваад байна. Засгийн газраас 7 аймгийн 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоон хашаажуулах ажлыг эхлүүлэн, газар тариалангийн салбарт үр, сорт, техникийн шинэчлэл хийж, усалгаатай талбайг нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж ирсэн юм гэдгийг ХХААХҮЯ-наас онцолж байна.

 

Холбоотой мэдээ