“Дарханы ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад болно

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-11-04 15:08:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/.УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагийн санаачилгаар “Дарханы ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад энэ сарын 18-ны өдөр болох ажээ.

Тус олимпиадын зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх XII ангийн суралцагчдын цаашид суралцах хүсэл сонирхлыг идэвхжүүлэх, байгалийн ухааны хичээлийн нэгдмэл агуулгын хүрээнд эзэмшсэн мэдлэг, чадварыг сорих, боловсролын үнэлгээнд шинэ технологи нэвтрүүлэн амжилттай нутагшуулахад оршиж байгаа аж.

“Дарханы ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиадад Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн суралцагчдаас сургууль тус бүр заах аргын нэгдэл /ЗАН/-тэй хамтран Байгалийн ухааны нэгдмэл агуулгаар зөвхөн шилдэг зургааг сонгон оролцуулах журамтай аж.

Олимпиадын агуулга буюу байгалийн ухааны нэгдмэл агуулгад математик, физик, хими, биологи, газар зүйн судлагдахууны агуулга хамрагддаг ажээ.Олимпиадад оролцогч суралцагчийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 09.00 цагаас эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 18.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mnхаягаар тухайн сургуулийн сургалтын менежер өөрөө бүртгэх юм.

2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр суудлын хуваарийг хийх бөгөөд 16-ны өдөр техникийн зөвлөгөөн дээр олимпиадад оролцох суралцагчдын суудлын хуваарь бүхий МАНДАТ-ыг олгох ажээ.

Дарханы ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад  энэ сарын 18-ны өдөр “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургуулийн А байранд болно.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ