“Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа монгол эхчүүдийн сургаалиар ном гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-11-03 13:40:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Санья хотод ирэх 12 дугаар сард болох “Дэлхийн мисс-2018” тэмцээний оролцогч Э.Энхриймаа “Хатан ухаант ээжүүдийн сургааль” номын хуримаа  өчигдөр Азхур номын их дэлгүүрт хийлээ.


Дэлхийн гоо сайхны дэвжээнд “Сайн ээж-сайхан дэлхий" уриатай хүчээ сорихоор зэхэж буй тэрбээр монгол эхчүүдийн алтан сургааль, нандин захиасыг цуглуулан цуврал ном бүтээхээр санаачилсан бөгөөд энэхүү номд 100 ээжийн хэлсэн үг, захиас багтжээ.

Үнэт сургаалиар дүүрэн эл цуврал айл гэр, аав ээжүүдэд үр хүүхдээ сайн, сайхан хүн болгон хүмүүжүүлэх баялаг зөвлөмжтэй гарын авлага, үеийн үед дамжин өвлөгдөх нандин судар болно гэдэгт итгэлтэй буйгаа тэрбээр хэлж байв.

Мисс Э.Энхриймаа "Дэлхийн гоо үзэсгэлэнгийн талбарт хүчээ сорихдоо би “Ээж бүр үр хүүхдээ зөв, сайхан хүмүүжүүлж, эерэг хандлага төлөвшүүлснээр эх дэлхийн маань олон асуудал, бэрхшээл цаад утгаараа шийдэгдэнэ” гэсэн санааг илэрхийлж “Сайн ээжүүд сайхан дэлхий ертөнцийг бүтээн цогцлоож чадна” гэдэг уриалгыг энэ тэмцээнээр дамжуулан хүн төрөлхтөнд дэвшүүлэхийг хүсч байна. Энэ уриалгадаа зориулж монгол ээжүүдийн үр хүүхдээ сурган хүмүүжүүлж ирсэн шилдэг зөвлөгөөнөөс бүрдсэн “Хатан ухаант ээжүүдийн сургааль” цуврал номынхоо эхний номыг олон нийтэд толилуулж байгаадаа баяртай байна. Энэ дэлхий эхийн хайран дээр тогтдог. “Ээж ээ” гэж дуудахаар муу бүхэн арилдаг гэдэг. Ээж гэдэг энэ гайхамшгаас амьдралын эх булаг оргилон, эхийн хайраар хорвоо дэлхий аз жаргалаар гэрэлтэн гийх болтугай” гэв.

Номын нээлтэд Монголын эмэгтэйчүүдийн “Хатан-Эрдэнэ” холбоо, Одонтой ээжүүдийн холбооны төлөөлөл, Их засаг их сургуулийн харьяа Дүрслэх урлаг, дизайн технологийн дээд сургуулийн багш, оюутнууд, мисс Э.Энхриймаагийн ар гэрийнхэн, найз нөхөд, яруу найрагч, зохиолчид, урлаг, соёлын салбарынхан зэрэг түүнийг дэмжигчид оролцов.  Нээлтийн үеэр энэхүү номыг олон нийтэд үнэгүй тарааж өгсөн юм.

Холбоотой мэдээ