Монголын оюутны зураг төслөөр Астанад тансаг зэрэглэлийн орон сууц барина

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-04 15:01:39

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын С.Сейфуллиний нэрэмжит Казахын хөдөө аж ахуй, техникийн их сургуулийн магистрын ангид суралцаж буй Монголын оюутан А.Нурсултаны зураг төслийн дагуу тус улсын Астана хотод 38 айлын тансаг зэрэглэлийн орон сууц барихаар болжээ.

Тэрээр манай агентлагт өгсөн мэдээлэлдээ: "Тухайн төслийн ерөнхий архитектораар ажиллаж, хоёр сарын турш хийсэн ажлын зургаа улсын экспертиз дээр амжилттай хамгааллаа. Уг барилга хотын төв хэсэг дэх «Мангилик ел» өргөн чөлөөнд ирэх сараас баригдаж эхэлнэ" хэмээлээ.

А.Нурсултаны хувьд 2017 онд ОХУ-ын Санкт Петербург хотод тус улсын Барилга, архитекторын их сургуулийг дүүргэж, энэ жилээс Астана хотод магистрт суралцаж байгаа ажээ. Хичээлийн бус цагаар "Сан-саулет" хэмээх компанид ажил хийдэг байна. Түүнчлэн одоо Алматы хотод баригдах дөрвөн мянган тонн ногоо хадгалах хүчин чадалтай агуулах, Актобе мужид баригдах спорт цогцолбор болон Дорнод Казахстан мужид баригдах музейн барилгын зураг төсөл дээр ажиллаж байгаа аж.

"Ирээдүйд эх орондоо ирж мэргэжлээрээ ажиллах бодолтой байгаа. Архитектор хүний хаана ажиллах нь чухал биш, ямар газарт зориулж архитекторын бүтээл туурвих  вэ гэдэг нь нэгдүгээрт тавигддаг. Надад санал тавибал оюун ухаан, мэдлэг чадвараа зориулан туслахад бэлэн байна" хэмээн залуу архитектор хэлж байна.   

Холбоотой мэдээ