Бэлтэй компаниуд хувьцаа гаргаснаар иргэд хөрөнгөжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-11-05 18:11:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Төв Азийн цээжинд орших Монгол Улсын нэгэн их дэлгүүр болох “Хөрөнгийн бирж”-ээр гадны үйлчлүүлэгч ороод лангуу  дээрх барааг хараад урамгүйхэн буцах. Баялаг, нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд толгой цохих улс гүрэн биз дээ эд чинь хэмээн түүний гайхшрахтай зэрэгцэн ам асуух дүр зураг бууна. Харин дэлгүүрийн худалдагч үүнд нь манайх орчин үеийн шинэ дэлгүүр бариад удаж байгаа ч сонголттой барааг хараахан тавьж амжаагүй хэмээн тайлбар тавиад зогсох... Үүнтэй  Хөрөнгийн биржийн  27 жилийн үр дүнг жишиж болохоор байна.


    ӨМЧИЙН ОЙЛГОЛТГҮЙ АРД ТҮМЭН ХӨРӨНГӨЖСӨН ТҮҮХ


    Хөрөнгөтэй бэл бэнчинтэй гадныхны хувьд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хялбар. Учир нь тэд хуримтлалтай, дээр нь хөрөнгөтэй хүмүүс. Харин нүүдэлчин монголчуудын хувьд энэ зах зээлд тоглолт хийж гарч ирэх цоо шинэ үзэгдэл  1991 онд анх өрнөсөн юм.  Элдэв-Очир хүүхдийн кинотеатрт “үүрээ зассан” цоо шинэ байгууллагын үзэгдлийг жам ёсоор биш хүчээр тулгасан шилжилт хэмээн дүгнэгсэд тухайн үед  байв. Өмчийн ойлголтгүй урт үеийг туулсан нүүдэлчин ард түмний нүдийг бүлтийлгэсэн үйл явц тэр үед өрнөсөн.Төрийн өмч хэнийх  байсан юм бэ, үүнийг эздэд нь буцааж өгье гэсэн шийдвэр гарч, их хувьчлал өрнөн нэг сая гаруй иргэн гурван сарын хугацаанд хөрөнгөжих нөхцөл бүрдсэн юм. Баян чинээлэг байж болохгүй нэгэн жигд байх ёстой гэсэн зарчим үйлчилж байсан социализмын үеэс  хөрөнгөжих шилжилт хийнэ гэдэг тийм ч хялбар биш. Наад зах нь хүмүүсийн сэтгэхүйг өөрчлөхтэй тулгарсан нь мэдээж.Энэ бүх үйл явцыг шинээр эмхлэн байгуулагдсан Хөрөнгийн бирж 700 гаруй брокер, диллер сурган хувьчлалын ажлыг  хэл амгүй зохион байгуулжээ.  МХБ-ээр дамжуулан 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн,  8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлсэн байна. Тиймээс 1992-1995 онд өрнөсөн өмч хувьчлал хэмээх энэхүү кампанит ажлын нэг хэсэг нь Хөрөнгийн бирж байж. Гар утас ч барьж үзээгүй монголчуудын хувьд арилжааны шинэ систем боловсруулан зохион байгуулах нь том хувьсгал юм.




    ЯГААН, ЦЭНХЭР ТАСАЛБАРЫН БАЛАГ  ОДОО Ч АРИЛААГҮЙ...


     Хөрөнгийн биржийн үүсэл, өмч хувьчлалын асуудлыг хөндөхөөр 3000 төгрөгийн “Бага хувьчлал”,  7000 төгрөгийн “Их хувьчлал” гэсэн ягаан, цэнхэр тасалбарыг орхиж боломгүй. Яагаад вэ гэхээр монголчуудын дийлэнх   нь хөрөнгийн зах зээл гэдэг ойлголтыг энэ хоёр ягаан тасалбараар дүгнэдэг. Үүдтэй болгонд тараасан уг тасалбарыг нандигнан хадгалж мөнгөтэй болно гэсэн горьдлогыг хүн бүр тээж байсан. Гэтэл “Их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр цоожтой авдарт хадгалсан тасалбарууд хэнд ч хэргээ үзүүлээгүйг түүх гэрчилнэ. “Спирт бал бурам”- аас хувь хүртэхээр хүлээгсэд одоо ч гэсэн  хатуу нэхлийг дагуулдаг. Ид шилжилтийн үед архины үйлдвэр ашиггүй байсан уу гэвэл өрөөсгөл ойлголт болно. Хамгийн их гүйлгээтэй бүтээгдэхүүнд сархад орж байсан хэрнээ тус үйлдвэрийн ногдол ашгийг монголчууд хүртэж чадаагүйн алдаа нь үйлдвэрийн  тайлан ил тод бус байсны нэг уршиг. Хамгийн  гол нь хувьцаа болон хөрөнгийн зах зээлийн хөгжилд эл бараан таталбарын гор үлдсэн. Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээл, хувьцааны талаарх иргэдийн ойлголт маруухан байсантай холбож болох талтай.Үүнийг бүх  хүнд үнэгүй тараасан учраас үнэгүйдсэн хэмээн тайлбарлах хүмүүс ч бий.


        27 ЖИЛИЙН ХУГАЦААНД МАНАЙ УЛС 20 ГАРУЙ IPO ХИЙЖЭЭ


    Хөрөнгийн зах зээлийг сонгодог хэлбэрээр хөгжүүлэх зорилт тавьсан  “Хөрөнгийн бирж”-ийн өдөр тутмын ажлыг  50 хүн урагшлуулж байна.  Энэ дэлгүүрийн лангуун дээр өнөөдөр   220 гаруй  компанийн бүтээгдэхүүн бүртгэлтэй. 2017 он “Монголын хөрөнгийн бирж”-ийн хувьд амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрсөн. Тодруулбал 26 жилийн түүхэнд анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх 2015 оны дээд үзүүлэлтээс даруй 57.2 хувийн өсөлтийг үзүүлсэн.Хөрөнгийн зах зээлд оролцогсод жилээс жилд нэмэгдэж шинэ бүтээгдэхүүн, IPO гарган хөрөнгө босгож байна. Тухайлбал өнгөрөгч онд технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг АйТүүлс компани хувьцаа гарган гурав дахин илүү захиалга авсан. Мөн он гарсаар Лэнд МН, Ард даатгал, Мандал даатгал зэрэг компаниуд олон нийтэд хувьцаагаа санал болгож,  захиалга нь амжилттай өрнөж байна. Энэ мэт  компаниуд хөрөнгийн зах зээлд гарах сонирхол нь нэмэгдсээр...Хөрөнгийн зах зээлийн  санхүүжилт босгох боломж нь 5-30 тэрбум төгрөгт хэлбэлздэг гэдэг. Сүүлийн 27 жилийн хугацаанд манай улс 20 гаруй IPO хийжээ.










      ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД ЯМАР АШИГ ХҮРТЭХ ВЭ


    Хөрөнгийн бирж бол барааны захаас ялгаагүй. Иргэд өөрт байгаа хуримтлалаа зөв өгөөжтэй байршуулах боломжтой. Банкинд мөнгөө хадгалж болно. Эсвэл  өөрийнхөө сонирхож буй компанид хөрөнгө оруулах нь тухайн иргэний сонголт. Хувьцаа эзэмшинэ гэдэг нэг төрлийн наймаа юм. Иргэн 100 сая төгрөгтэй байя гэж бодъё. Зүгээр сейфэндээ өнөөх мөнгөө хадгаллаа. Гэтэл өнөөх мөнгө жилийн дараа инфляциас шалтгаалан 100 сая биш 90 сая төгрөгтэй дүйхүүц болжээ. Ээ үүнийг мэдсэн бол банкинд хадгалуулдаг байж хэмээн халаглана. Банкинд хадгалахаар 13 орчим хувийн хүү өгнө. Инфляцитай үүнийг харьцуулбал бас л өсөлт авчирахгүй. Жилийн хугацаанд 102 сая гаруй төгрөг болно гэсэн үг. Үүнийг худалдан авах чадвараар тооцвол өнгөрсөн жил нь 100 саяар хаус авах бол тэр хаусаа өнөө жил авч чадахгүйд хүрнэ.  Харин  компаниудын тайланг үндэслэн хамгийн сайн 35 хувийн өсөлттэй компанийн хувьцааг худалдаж  авлаа гэж бодъё”. А компанийн нэгж хувьцааг 3150 төгрөгөөр тооцон 100 сая төгрөгөнд 32 мянган ширхэг хувьцаа авах боломжтой. Нэгжийн үнэлгээ нь ирэх онд 4152 төгрөг болж хувьцааны үнийн зөрүүгээс 32 сая төгрөг, дээр нь компанийн ногдол ашиг хүртэнэ. Нэгж хувьцаанд 80 төгрөгийн ногдол ашиг өглөө гэхэд 2 сая 56 мянган төгрөгийн ашигтай. Тухайн иргэн хувьцаа худалдан авснаар нийт 34 сая төгрөгийн орлогыг жилийн дотор олжээ. Жилдээ 35 хувийн өсөлттэй компанийн хувьцааг авах уу. Мөнгөө банкинд хадгалах уу гэдгийн ялгаа ийнхүү гарч байна.


        СУМЫН ТӨВИЙН ДЭЛГҮҮРЭЭС ШИЛЭН ДЭЛГҮҮР БОЛСОН НЬ


    Сумын төвийн дэлгүүрт бриллиантан бөгжөө тавиад зардаггүй биз дээ хэмээн Баабар нийтлэлч бичсэн удаатай. Тухайн үед Хөрөнгийн биржийн техник технологи тааруу байсныг ийнхүү илэрхийлсэн биз ээ. Монголын Хөрөнгийн бирж  Лондонгийн хөрөнгийн биржтэй менежментийн гэрээгээр ажиллахаар 7 жилийн  өмнө санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд манай бирж төлбөр тооцооны олон улсын 3 гэсэн стандарт руу шилжсэн юм. Мөн 2012 онд “Millemium it” системийг суурилуулсан. Лондонгийн Хөрөнгийн биржийн хувьд хамгийн шударга ил тод аюулгүй орчны арилжааг бүрдүүлдэгээрээ дэлхийд танигдсан. Тус бирж “Millemium it”  компанийн системийг ашигладаг бөгөөд энэ нь сэжиг бүхий захиалга үнийн хэлцлийг олж илрүүлэх ухаалаг үйлдэлтэй учраас дэлхийн 30 гаруй байгууллага хэрэглэдэг байна. Түүнчлэн эл  систем секундэд 50 мянга гаруй захиалгыг хийх чадвартайгаараа онцлогтой аж.  Бусад газруудад уг системийг 5-10 жил нэвтрүүлж байсан бол манай Хөрөнгийн бирж  2 жилийн дотор хийсэн сайн үлгэр жишээтэй.  Мөн олон улсын жишиг тогтоосон индексийг нэвтрүүлсэн байна. Ийнхүү олон зуун жилээр туршигдсан загвартай болсноор  Монголын Хөрөнгийн биржид алсын зайнаас оролцох боломж бүрджээ. Энэхүү төгс, ухаалаг дэд бүтэц сумын төвийн дэлгүүрээс  хотын төвийн дэлгүүрийн хэмжээнд хүргэсэн байна.  Эдийн засгийн өсөлтийн жилүүдэд Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ гурван их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан учраас энэ шинэчлэлтийг хийх нь зүйтэй гэж үзэн улсаас 14 сая ам. доллар зарцуулжээ.


    ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛД СЭЛБЭХ ЦУС  ДУТААД БАЙНА


    Гадны хөрөнгийн зах зээлийн худалдан авагчдын дийлэнх хувийг   мэргэшсэн хөрөнгө оруулалтын сангууд эзэлдэг байна. Дэлхий дээр хөрөнгө оруулалтын анхны сан 1770 онд байгуулагдсан түүхтэй. Хөрөнгийн зах зээл гэдэг зүйлийг үүсгэхээс өмнө сангуудыг байгуулах тогтолцоо нь бүрдсэн байх ёстой аж. Гэтэл манай улсад сан гэдэг ойлголт маш хойно хоцорч явна. Хөрөнгийн бирж хэмээх дэлгүүрийг барихаас өмнө сангуудаа бэлдсэн бол өдийд бараагүй лангуу байхгүй. “Эрүүл мэндийн сан”, “Даатгалын сан”, “Тэтгэвэрийн сан” “Моргейжийн сан”-г хөрөнгийн зах зээл рүү оруулж болно. Өөрөөр хэлбэл тухайн санд байгаа хөрөнгийг инфляцид унахгүйгээр  өсгөхийн тулд хөрөнгийн зах зээлд ордог жишиг дэлхийд түгсэн. Тэгэхээр манайх шиг ганц байшин барьснаар санхүүгийн зах зээл  босохгүй. Байшингийнхаа суурь хэсэгт нь сангууд, хоёр давхарт нь Хөрөнгийн бирж, 3 давхарт нь Санхүүгийн зохицуулах хороо гэх мэтээр байгууллага хоорондын харилцан шүтэлцээнээс хөрөнгийн зах зээл хөгжинө. Гэтэл  нийгмийн хуримтлал болох ниймгийн даатгалын санд хичнээн төгрөг бий билээ гээд асуулт ургана. Тиймээс хуримтлалыг  төсөв рүү хийх бус  хөрөнгийн зах зээл рүү оруулан ашгийг нь хүртэх эрүүл тогтолцоо руу явах ётой. Өөрөөр хэлбэл хөрөнгийн зах зээлд сэлбэх цус дутаад байна. Дээр нь хамтын хөрөнгө оруулалтын сангууд бий болсноор хөрөнгийн биржийг хөлтэй болгоно. Томоохон компаниуд олон мянган ажилтнуудынхаа хуримтлалаар хувийн нийгмийн даатгалын сан байгуулж  бирж дээр эргүүлбэл хожоотой.


    МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН 90 ХУВЬ НЬ ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ГАРААГҮЙ


    Индонези  улс  өөрийн Хөрөнгийн бирж дээр  том ордынхоо хувьцааг гаргаснаар хэдхэн сарын дотор  Куала Лумпурт хөрөнгө оруулалтын банкууд  салбаруудаа нээжээ. Яг үүн шиг гурван сая иргэнээ хөрөнгөжүүлэхийн тулд Монголчууд өөрсддөө түшиглэж найдах хэрэгтэй. Наад зах нь үндэсний  бэлтэй компаниуд  хувьцаа гарган  өргөжсөнөөр иргэд хөрөнгөжинө.  Монголын баялгийг үндэслэн Австрали, Хойд америк, Хонгконг, Лондонгийн хөрөнгийн биржүүд дээр IPO гаргаж ашиг олж байна. Тиймээс энэ боломжуудыг алдалгүй  хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадвал монголчууд газар доорх баялгаа уудлахгүйгээр  сайхан амьдрах боломжтой.

Хөрөнгийн  зах зээлийг “үхэр”, “баавгай” хоёрын тулаантай адилтгадаг. “Үхэр” зах зээл нь хувьцаа өсч буйг илтгэдэг бол “баавгай” уналтыг харуулдаг байна.



Гэрэл зургийг "Асах гэрэл" нэвтрүүлгийн оролцогч Г.Баясгалантөгс

Холбоотой мэдээ