Мал төхөөрөх үйлдвэрийн бохирын шугам бөглөрч, бохир хальжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-06 09:30:14

Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баруун Монгол Интернэйшл” ХХК-нийн “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн бохирын шугам бөглөрсий улмаас хашаа, гудамжаар бохир ус урсаж байгаа тухай иргэдээс санал хүсэлт ирүүлсэн байна.

Үүний дагуу аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаар ахлуулсан мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөлөл хамтарсан ажлын хэсэг  “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа. Үүсээд байгаа бохирын шугам сүлжээний доголдол, үйлдвэрийн зөрчил дутагдлыг шуурхай арилгах талаар холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг чиглэл өгч ажиллалаа.

 “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн хог хаягдал болох малын бохир гэдэс дотор, цус, ноос, тос зэргээс шалтгаалан бохирын шугамын хоолой, холбох хэрэгсэлд бөглөрөл үүсч хашаа, гудамжаар бохир ус урссан байна. Тиймээс цаашид “Мал төхөөрөх үйлдвэр”-ийн бохирын шугамын шүүлтүүрийг нэмэгдүүлэх, тунгаагуурын сав байрлуулах,  орчны цэвэрлэгээ хийх зэрэг арга хэмжээ авч ажиллахаар шийдвэрлэв.

Мөн “Эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” Мэргэжлийн Хяналтын Газрын Улсын байцаагчийн хамтарсан зөвлөмж гаргаж, Бохир ус зайлуулах, төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх, үйлдвэрийн бохир усны найрлагын зөвшөөрөгдөх хэмжээний тухай “Амьтан, ургамлын гаралтай тос төв суурин газарт 15.0-25.0 мг\л байна” гэсэн заалтыг хангаж ажиллахыг үүрэг болгов.

Үйлдвэр үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх  шаардлагыг биелүүлж, зөрчлийг  арилган, хариу мэдэгдэж ажиллахыг “Баруун Монгол Интернэйшл” ХХК-ийн удирдлагад анхаарууллаа.

Холбоотой мэдээ