Монголын ноолуур Америкийн зах ээлд гарах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-05 12:16:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Төр, хувийн хэвшил хамтарвал ноолуурын салбарынхан АНУ-ын зах зээлд гарч чадна” гэж Монголын Ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг хэлж байна.

Тэрээр манай улсад айлчилсан Олон улсын худалдааны төв (ITC)-ийн гүйцэтгэх захирал, хатагтай Аранча Гонзалес Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй уулзах үеэр ийнхүү мэдэгдсэн юм. Дэлхийн Худалдааны байгууллага 2014 оноос Монголын ноолуурын салбарын эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулах, гадаад зах зээлд гаргахад хамтран ажиллаад нэлээдгүй хугацаа өнгөрч байна. Тус байгууллага эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг бөгөөд Монголын ноос ноолуурыг дэлхийд таниулан сурталчлахад ихээхэн анхаарч тусалж байгаа талаар бизнес уулзалт дээр ярилцсан юм.

Манай улсын ноос, ноолуурын салбарт жилд дунджаар инженерийн боловсролтой 40-50, нарийн мэргэжлийн 10 хүрэхгүй хүнийг бэлтгэж байгаа нь үйлдвэрийн жигд ажиллагаа алдагдаж, мэргэжилтэй ажилтны хүрэлцээ дутагдалтай байгааг харуулж байна хэмээн уулзалтын үеэр “Сноу Филдс” ХХК-ийн ерөнхий менежер Д.Нарантуяа хэлж байв. Монголын ноос ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, “Америк бол Европын холбооны дараа ордог хамгийн том импортлогч. ITC-гийн төсөл Америкийн зах зээлд Монгол ноолуурыг таниулахад анхаарч ажиллаж байгаад бид их баяртай байна. Монголын гуравдагч хөршийн худалдааг хөнгөвчлөх хуулийн төслийг өргөн барьсан явдлыг ноолуурын салбарын эмэгтэй бизнес эрхлэгчид баяртай хүлээн авч байна. Хуулийн төсөл АНУ-ын Конгрессоор батлагдвал ноолуурын салбарынханд том боломж нээгдэнэ. Тэр хэрээр том хариуцлага, их ажил биднийг хүлээж байна. 

АНУ-ын хувьд Хятад, Вьетнам, Энэтхэг, Индонези, Мексик, Пакистан зэрэг улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн их хэмжээгээр импортолж авдаг. Энэ том зах зээлд гарахын тулд АНУ-тай чөлөөт худалдааны гэрээ байгуулах шаардлага бий. Хөнгөлөлтийнх нь ерөнхий системд хамрагддаггүй оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу гаалийн татваргүй нэвтрүүлдэг болбол ноолуурын компаниудад том дэм болно” гэсэн юм.


Ноолуурын компаниудын хувьд хамгийн эрэлттэй дэмжлэгийн нэг нь бага хүүтэй, урт хугацаатай зээл байдаг. “Ноолуур” хөтөлбөрийн зээл сарын нэг хувийн хүүтэй, элдэв шимтгэл, хураамжийг нь нэмэхээр арилжааны банкны хүүгээс ялгардаггүй аж. “Ноолуур” хөтөлбөрийн зээлд цөөн тооны том хэдхэн үйлдвэр л хамарчээ. Хөтөлбөрийн зээлийн хүүг багасгаж, хугацааг нь уртасгавал үйлдвэрлэлийнхээ технологийг шинэчилж, хүний нөөцийн асуудлаа шийдэж, түүхий эдээ ахиухан нөөцлөх боломж бүрдэнэ гэж Монголын ноос, ноолуурын холбооныхон ярилаа. Манай улсын ноолуурын салбарынхны хувьд АНУ, Европын холбоо, ОХУ, Казахстан, БНХАУ, Өмнөд Солонгос, Япон, Канад, Австрали руу экспорт хийж байна. Уулзалтад “Гоёо”, “Алтай кашмер”, “Сор”, “Блю скай кашмер” зэрэг компаниудын төлөөлөл оролцлоо.



Тодруулга: Манай улсад 2017 оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915.6 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн нь түүхий эдийн нийт нөөцийн 90 хувийг анхан шатны боловсруулалт хийсэн байдлаар, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүнээр экспортод гаргажээ. 


Б.Болд

 

Холбоотой мэдээ