Өдөрт замын хөдөлгөөний 15-20 зөрчил тогтмол гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-05 12:46:39

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэм энэ сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн. Энэ өдрөөс хойш Сүхбаатар аймгийн хэмжээнд зам тээврийн осол, түүнтэй холбогдох гэмт хэрэг гараагүй, харин өдөрт 15-20 зөрчил тогтмол илрүүлж холбогдох арга хэмжээг авч байна гэж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, хошууч Л.Ганзориг мэдээллээ.

Мөн, жолооч нар болоод иргэдэд шинэчилсэн дүрмийн талаарх мэдээлэл сурталчилгааг аймгийн Цагдаагийн газар, Замын цагдаагийн тасгаас бүхий л хэлбэрээр өгсөн. Үүний үр дүнд жолооч болоод замын хөдөлгөөнд оролцож буй иргэд шинэчилсэн дүрмийн талаарх ойлголт мэдээлэл харьцангуй сайн болсон байна. Гэвч өөрийн хайнга байдал болон дадсан зангаасаа болж зөрчил гаргах тохиолдол элбэг байна гэлээ.

Замын хөдөлгөөний шинэ дүрэмд нийцүүлэн Замын цагдаагийн тасаг холбогдох байгууллагуудтай хамтран аймгийн төвийн замуудад 125 ширхэг тэмдэг, тэмдэглэгээг шинээр байрлуулах ажлыг эхлүүлжээ. Мөн бүх албад, мэргэжлийн ангиудад шаталсан сургалт мэдээллийг хийхээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхлээд байгаа аж.

 

Холбоотой мэдээ