Сумдад явуулын ахуйн үйлчилгээний салбар ажиллуулна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-06 21:59:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэргэжлийн холбоод болон иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ирэх долоо хоногоос сумдад явуулын ахуйн үйлчилгээний салбар ажиллуулахаар болжээ.

Энэ талаар тус газрын мэргэжилтэн С.Лара өнөөдөр Өлгий хотод болсон  "Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн үеэр мэдэгдлээ.

Тэрээр хэлсэн үгэндээ: "Эхний ээлжинд Алтай, Буянт сумдад очихоор төлөвлөж байна. Аймгийн төвд ахуйн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүмүүс орон нутгийн иргэдэд үсчин, хувцас, гар утас, компьютер, ахуйн электрон бараа, цахилгаан хэрэгсэл засварлах зэрэг үйлчилгээ үзүүлнэ. Замын зардлыг төрөөс, үйл ажиллагаа явуулах орон байрыг тухайн сумын удирдлагууд шийдвэрлэх юм. Цаашлаад тодорхой давтамжаар бүх сумдад хүрч ажиллах бодолтой байгаа. Явуулын ахуйн үйлчилгээний хэлбэрийг дэмжих асуудал удахгүй батлагдах «Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөр»-т тусгагдаж байгаа бөгөөд бусад аймгуудад эрчимтэй хөгжиж байна" гэлээ.  

Өнгөрсөн оны жилийн эцсийн мэдээллээр тус аймагт 57 аж ахуйн нэгж, 253 иргэн ахуйн үйлчилгээ эрхэлж, 482 хүн ажлын байраар хангагдаж байгаа юм. Монгол Улсын Засгийн газраас Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх хөтөлбөрийг 2019-2022 онуудад хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тухайн салбарт ажиллагсдын ажлын байрны нөхцөл байдлыг сайжруулах, ахуйн үйлчилгээний төвүүдийг шинээр болон шинэчлэн бий болгох, үйлчилгээний чанар хүртээмжийг нь сайжруулахыг зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ