Х.Алтай: Компаниудын нээлттэй бондыг батлан даах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-05 16:22:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж, Зээлийн батлан даалтын сан хамтран өнгөрсөн сард Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан боловч хөрөнгийн зах зээлд бонд гаргах ААН-үүдийг батлан даах энэхүү хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд эрхзүй дутагдаж байгааг хоёр тал хэлж байна.


Зээлийн батлан даалтын сангийн захирал Д.Батбаяр, “Өнөөдөр үйлчилж буй Зээлийн батлан даалтын сангийн тухай хуулийн заалтаар бол хөрөнгийн зах зээл дээр бонд гаргаж буй компанийг Зээлийн батлан даалтын сангаас батлан даах боломжгүй болчихоод байгаа”-г онцолж байна. Тиймээс Хөрөнгийн биржтэй хамтарч хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар энэ асуудлыг шийдэх үүднээс хоёр талаасаа Ажлын хэсэг байгуулан судалгаа хийснээр шинэ бүтээгдэхүүн гаргахыг зорьж байна гэв. Шинэ бүтээгдэхүүн гэдэг нь Зээлийн батлан даалтын сан зөвхөн хаалттай бондыг батлан даах бус, компаниудын нээлттэй бондыг батлан даах боломжийг хэлж байгаа юм. Ингэснээр компани, ААН-үүд хөрөнгийн зах зээлд бонд гаргах нь нэмэгдэж ихэснэ. Учир нь 2018 он гарснаас хойш 5 компани IPO хийн анхдагч зах зээлд хувьцаагаа гаргасан бол нэг ч компани бонд гаргаагүй байгааг Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай тодотгож байсан юм.


Эндээс харахад дотоодын компани, ААН-үүд хөрөнгийн зах зээлд гарахад бондоос илүү хувьцааг сонгож байгаа нь нөгөө Зээлийн батлан даалтын сан зөвхөн хаалттай бондыг батлан даагаад нээлттэйг нь батлан даах боломжгүй байгаа өнөөдрийн эрхзүй орчинтой холбоотой байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тодруулж хэлбэл, компаниуд хувьцаа гаргалаа гэхэд ханш өсөх, буурах эрсдэлтэй байдаг бол бонд гаргахад хүү бага ч гэсэн эрсдэлгүйд тооцогддог. Бонд худалдан авсан тохиолдолд тухайн компанийн ашиг, алдагдлаас үл хамааран ямар нэг эрсдэлгүйгээр мөнгөө эргүүлэн авна. Банкны хадгаламжийн хүүгээс өндөр өгөөжтэй учраас иргэдэд ч ашигтай байдаг. Бонд гаргах нь ийм давуу талтай боловч компаниуд хувьцаа гаргахыг сонгосоор байгаа учир “Зээлийн батлан даалтын сангийн тухай хуульд нээлттэй өрийн хэрэгсэлд батлан даалт гаргах тухай заалтыг нэмж оруулснаар Хөрөнгийн бирж дээр бондын зах зээл хөгжих боломж нээгдэнэ” гэж Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай үзэж байгаагаа илэрхийлж байна.

Тодруулга: 2005 оноос хойш Хөрөнгийн биржид IPO хийж хувьцаагаа гаргасан компаниуд нийт 88 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн бол компаниудын бонд үүнээс 6 дахин бага буюу 14.3 тэрбум төгрөг байв. 2018 он гарснаас хойш 5 компани анхдагч зах зээлд хувьцаа гаргаснаар 26.5 тэрбум төгрөгийг босгосон нь энэ хугацаанд Хөрөнгийн бирж дээрх компанийн бондын дүнгээс 10 гаруй тэрбум төгрөгөөр давж байна.


Б.Болд

Холбоотой мэдээ