Foreign Policy: Трампын шийдвэр нь АНУ-ыг цөмийн анархи байдал руу түлхэж байна

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-11-05 16:57:40

Foreign Policy: Трампын шийдвэр нь АНУ-ыг цөмийн анархи байдал руу түлхэж байна

 

Цагаан ордны хувьд Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээнээс гарах бодлого барьж байна. Дараагийн удаад Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнээс ч гарч магадгүй бололтой. Энэ бүхнээс АНУ бус харин Орос улс хожно гэдгийг цөмийн аюулгүй байдлын салбар дахь Америкийн гол шинжээчдийн нэг болох Жон Вольфсталь хэлж байна. Энэ талаар түүний “Форин полиси” сэтгүүлд бичсэн нийтлэлийг товчлон орчууллаа.  


Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээнээс АНУ гарна хэмээн Д.Трамп эрс мэдэгдэл хийсэн нь ихээхэн маргаан, санал зөрөлдөөнийг үүсгэсэн билээ. Харин цаашдаа юу болох вэ гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорхой бус байна. Одоохондоо нэг л зүйл ойлгомжтой байгаа: уг гэрээг цуцалснаар АНУ болон түүний холбоотнуудын хувьд аюулгүй байдал  нь илүү эмзэг болж,  цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар дэлхий дахинд нэгэнт тогтсон хэм хэмжээний үндэс суурийг бусниулахад хүргэнэ.


Нөхцөл байдал үүнээс ч муугаар эргэж магадгүй байна. АНУ гэрээнээс гарч магадгүй байгаа нь 2010 онд гарын үсэг зурсан Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай шинэ гэрээг ч мөн адил ийм хувь тавилан хүлээж байж болзошгүйг харууллаа. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах тухай гэрээ ёсоор АНУ болон ОХУ-ын хувьд 500-5500 км-ийн тусгал бүхий газарт байрлалтай цөмийн болон ердийн цэнэгт пуужингуудтай байхыг хориглосон билээ.



Энэ хоёр гэрээг хүчингүй болгох нь эцсийн дүндээ зэвсэглэлээр дахин хөөцөлдөхөд хүргэж, гал дээр тос нэмэх бөгөөд Вашингтон, Москвагийн харилцааны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх болно.


Харин цөмийн зэвсгийн тусламжтайгаар тогтоон барих үзэл санааг дэмжигчдийн үзэж байгаагаар, цөмийн зэвсгийг зохион бүтээсэн явдал нь Дэлхийн II дайнаас хойш их гүрнүүдийн хооронд энх тайвныг хадгалан үлдэх боломжийг олгосон аж. Гэтэл аюулгүй байдал, худалдаа, олон улсын харилцааны салбарт байгуулсан гэрээ хэлэлцээрүүд, тогтсон хэм хэмжээний ачаар АНУ нь түүхэн дэх хамгийн амжилттай яваа, аюулгүй байдлын хувьд хамгийн сайн хамгаалагдсан улс орон болсон билээ. Эдгээр дүрэм журам, хэм хэмжээ нь АНУ-ыг баян чинээлэг, аюулгүй болгоод зогсохгүй дэлхийн хөгжлийн хосгүй шинэ эрин үеийн эхлэлийг тавьсан юм. Дэлхийд тогтсон энэхүү дэг журмыг хадгалан үлдэх нь үндэсний гол ашиг сонирхол мөн, гэтэл энэ нь Трампын засаг захиргааны үйл ажиллагааны улмаас аюулд өртөөд байна.  


Эдгээр дүрэм журам, хэм хэмжээний ачаар АНУ өнөөгийн хөгжлийн түвшинд хүрсэн атал Трамп эдгээрийг цуцлах гэж байгаа нь эмгэнэлтэй хэрэг юм. Тэрбээр цөмийн эмх замбараагүй байдал /анархи/ үүсэхээс сэргийлж байсан тэрхүү тогтолцоог устгах гэж байгаа нь уучилж болшгүй зүйл мөн.


Хэчнээн алдаа мадагтай байлаа ч гэсэн зэвсэглэлд хяналт тавих талаарх дээрх хэлэлцээрүүд нь харьцангуй бага зардалтай, үр ашигтай гэдгээ харуулсан юм. Тийм учраас нөхцөл байдлыг маш нарийн судалсны үндсэн дээр, гэрээнээс гарах нь АНУ-ын аюулгүй байдлыг бэхжүүлнэ гэж үзсэн тохиолдолд, гэрээг цуцалсны улмаас алдагдах тогтвортой байдал, аюулгүй байдлыг сэргээх төлөвлөгөө байгаа тохиолдолд л ийм гэрээнүүдийг цуцлах хэрэгтэй. Харин гэрээнээс гарахдаа Трамп эдгээр нөхцлийн алиныг нь ч тооцож үзээгүй бөгөөд гэрээнээс гарах нь Оросын үйл ажиллагаатай бараг холбоогүй, харин Хятадын явуулж буй үйл ажиллагаа болон Цагаан ордон дахь гэрээг эсэргүүцэгчдийн хүсэл бодолтой холбоотой байна.


Бид яагаад ийм байдалд орчихов оо?


Оросын тал хориотой пуужингуудыг цөөн тоогоор үйлдвэрлэж, байрлуулснаараа Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээг зөрчиж байна гэдгийг 2014 онд Обамагийн засаг захиргаа мэдэгдсэн юм. Тэр үед Америкийн засгийн газар өөрийн гэсэн ийм төрлийн пуужингууд зохион бүтээх шаардлага байхгүй гэж үзэж байлаа. Харин үүний оронд АНУ-ын холбоотнууд нэгдмэл байдлаар хариу өгч, Орос улсыг гэрээний нөхцлийг дахин дагаж мөрдөхөд хүргэх нь хамгийн оновчтой хариу үйлдэл болно гэдгийг миний бие Цагаан ордонд ажиллаж байхдаа байнга хэлж байсан юм.  Уг гэрээ нь АНУ болон түүний НАТО, Зүүн Азийн холбоотнуудын эрх ашигт удаан хугацаанд нийцэн үйлчилж байсан билээ.  




Албан тушаалдаа орсныхоо дараа Д.Трамп Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээ болон цөмийн тогтвортой байдлын тухай сэдвийг үл хайхарсан байдалтай байсан. Харин Стратегийн давшилтын зэвсэглэлийн тухай шинэ гэрээний үйлчлэх хугацааг сунгахыг Оросын Ерөнхийлөгчид санал болгож байсан юм. Уг гэрээгээр бол, АНУ, ОХУ хоёр тус бүр 1550-аас илүүгүй тооны цөмийн цэнэгт хошуутай байх ёстой бөгөөд гэрээг дахин 5 жилээр сунгаагүй тохиолдолд үйлчлэх хугацаа нь 2021 оны 2 дугаар сарын 5-нд дуусах байв.


Тэр үеэс хойш Трамп болон түүний засаг захиргааны дээд албан тушаалтнууд Оросын талтай Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингуудыг устгах тухай гэрээний нөхцлийг сахин мөрдөх тухай асуудлыг нухацтай хэлэлцэхээр оролдож буй ямар ч шинж тэмдэг ажиглагдсангүй. 2018 онд нийтлэгдсэн Батлан хамгаалах яамны “Цөмийн зэвсгийн тоо, бүтэц”-ийн тухай тайланд уг гэрээний талаар товчхон дурдсан боловч Оросын талыг гэрээг даган мөрдөхөд хүргэх зорилго бүхий ямар нэгэн стратегийн бодлого огт тусгагдаагүй юм. Харин ч эсрэгээр, цөмийн цэнэгт хошуу бүхий далавчит пуужингийн шинэ төрлийг зохион бүтээх явдлыг үндэслэлтэй болгож зөвтгөхийн тулд Оросын тал гэрээг зөрчиж буйг уг тайланд дурджээ.  


4 дүгээр сард Трампын засаг захиргаанд Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон ажиллах болсноос хойш нөхцөл байдал улам дордлоо. Зэвсэглэлд хяналт тавихыг эрс эсэргүүцдэг тэрбээр гэрээг хэвээр үлдээх талаар ямар ч идэвх гаргаагүй бөгөөд уг гэрээг Ерөнхийлөгчтэй хамтран хэлэлцэх ёстой Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан ганц ч удаа болсонгүй.


Хэрвээ АНУ гэрээнээс гарвал Орос улс дунд тусгалын пуужингууд зохион бүтээж, байрлуулахаа үргэлжлүүлэх бөгөөд зөвхөн энэ тохиолдолд л тус улс гэрээнд заасан хязгаарлалтуудаас чөлөөлөгдөх юм. Гэрээг цуцлах нь Оросыг буруутгах, тус улсын эсрэг хориг тавих бүхий л оролдлогыг утга учиргүй дэмий зүйл болгоно. Хүйтэн дайны үед байгуулсан гэрээний нөхцлийг Орос улс зөрчиж буй явдалд дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулахын оронд АНУ өөрөө цөмийн тогтвортой байдалд учруулж буй аюул занал болон хувирна. 


Мэдээж хэрэг, цөмийн асуудалтай холбоотой ийм аюултай байдал үүссэн явдалд хоёр улс хоёулаа хариуцлага хүлээх ёстой. Харин АНУ Европын холбоотнуудаасаа хөндийрөх тохиолдолд, Вашингтоны 70 гаруй жилийн турш хамгаалж ирсэн, тодорхой хэм хэмжээнд суурилсан дэлхийн дэг журам нуран унасан тохиолдолд үүнээс зөвхөн Орос улс л хожно. АНУ гэрээнээс дангаараа гарах нь Путинд маш ашигтай тусч магадгүй юм. 


Гэрээг цуцлах ноцтой шалтгаан бий юү?


Оросын тал дээрх болон бусад гэрээний нөхцлийг зөрчиж байна гэдэг бол үнэхээр ноцтой шалтгаан мөн. Москва гэрээг зөрчиж, АНУ болон түүний холбоотнуудад аюул занал учруулж байгаад Вашингтон түгшиж буйг зөвтгөж болно. Гэхдээ гэрээнээс гарах гэсэн Трампын эрмэлзлийн гол шалтгаан нь ердөө энэ мөн гэж өөрсдийгөө хуурах хэрэггүй. АНУ болон түүний холбоотнуудад Оросын зүгээс учруулж буй аюулыг сөрөн зогсохын тулд Трамп тоотой цөөн алхам хийсэн. Гэрээнээс гарах нь юуны өмнө, зэвсэглэлд хяналт тавихыг эсэргүүцэгчдийн байр суурь болон Хятадын пуужингуудын эсрэг шинээр пуужингууд зохион бүтээх гэсэн цэргийнхний ашиг сонирхол хоорондоо нийцсэний илрэл юм.


Дээрх гэрээ ёсоор, газарт байрлалтай дунд болон ойрын зайн пуужингуудыг байрлуулахыг АНУ болон Орост хориглосон бол Хятадын хувьд үүнийг хориглоогүй билээ. Хэрвээ уг гэрээ цуцлагдах аваас Хятадын завсрын тусгалтай пуужингийн томоохон нөөцтэй холбоотой асуудлыг АНУ шийдэх үү, шийдэх бол хэрхэн шийдэх вэ гэдэг талаар нэлээд нухацтай маргаан өрнөх болно. Хятадыг сөрөн зогсохын тулд Ази дахь цэргийн хүчин чадлаа АНУ нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн санаа нь тодорхой утга учиртай. Гэтэл гэрээгээр хориглосон зэвсгийн системүүд нь Ази болон бусад бүс нутагт цэргийн хүчин чадал, тогтоон барих хүчин чадлыг хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. АНУ-д далай, агаарт байрлах дунд тусгалын пуужингууд бий. Мөн Хятадын объектуудад цохилт өгч чадах ойрын зайн тусгалтай системүүд байгаа. Стратегийн цөмийн зэвсгийг тооцохгүйгээр шүү дээ. Түүнээс гадна өөрийн нутагт дэвсгэрт Америкийн дунд зайн тусгалтай шинэ пуужингуудыг байрлуулахыг АНУ-ын холбоотнууд зөвшөөрөх үү гэдэг нь тодорхойгүй байна. АНУ ийм төрлийн пуужингуудаа Гуамын аралд байрлуулж болох юм. Гэтэл Америкийн бөмбөгдөгч онгоцууд уг арлаас хөөрөх боломжтой атал арал дээр байрлуулах пуужингууд нь өнөөгийн нөхцөл байдлыг бодитойгоор өөрчлөх эсэх нь ойлгомжгүй байна.   


Хэлэлцүүлэг маргаан дөнгөж өрнөж эхэлж байна. Пуужингуудыг Азид байрлуулсны ашиг тус нь Европт пуужин байрлуулахыг хязгаарласныг цуцалснаас үүдэлтэй сөрөг үр дагаврыг саармагжуулж чадна гэж үзэж буй тэр хүмүүс гэрээнээс гарах шийдвэр нь ямар үндэслэлтэй болохыг тайлбарлах ёстой. Ойрын зайн тусгалтай пуужингуудыг Хятадын нутагт хүрэхээр зайд байрлуулах нь Бээжинг цөмийн болон пуужингийн зэвсэглэлээ нэмэгдүүлэхээс аргагүйд хүргэж болзошгүй гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ийм алхам нь Хятадыг тогтоон барихын оронд Зүүн Ази дахь стратегийн тогтвортой байдлын тэнцвэрийг алдагдуулж, Хятад улс зэвсэглэлээ эрс нэмэгдүүлэхэд хүргэж тун магадгүй. Өөрөөр хэлбэл, АНУ дунд зайн тусгалтай пуужингуудаа Азид байрлуулж магадгүй байгаа нь тус улс үүнийг заавал хийх ёстой гэсэн үг биш, эсвэл үүнийг хийснээрээ тус улсын аюулгүй байдал бэхжинэ гэсэн үг огт биш юм. 


Жон Вольфсталь бол Цөмийн хямралын асуудал эрхэлсэн бүлгийн захирал бөгөөд тэрбээр өмнө нь Ерөнхийлөгч Б.Обамагийн тусгай туслах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэх Зэвсэглэлд хяналт тавих асуудал эрхэлсэн захирлаар ажиллаж байжээ.

 

Товчлон орчуулсан: Б.Адъяахүү

 

Эх сурвалж: https://foreignpolicy.com/2018/10/31/trump-is-pushing-the-united-states-toward-nuclear-anarchy/ 

https://inosmi.ru/politic/20181102/243672787.html

Холбоотой мэдээ