Баян-Өлгийн сурагчид ОХУ-д тэтгэлгээр суралцах эрхийн бичгээр шагнуулжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-05 21:42:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд энэ сарын 2-4-ний өдрүүдэд Ховд хотод болсон орос хэлний баруун бүсийн олимпиадад Баян-Өлгий аймгийн сурагчид тэргүүлж, ОХУ-ын их, дээд сургуулиудад тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулжээ.

Уг олимпиадыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулсан ба баруун аймгуудаас 12 дугаар ангийн 20 орчим сурагч мэдлэг, оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна. Харин Баян-Өлгий аймгаас таван сурагч оролцсоноос "Бастама" сургуулийн сурагч А.Ахелик, "Билге-Тегин" сургуулийн сурагч З.Маргулан, "Дарын" цогцолбор сургуулийн сурагч Т.Ерхуат, Өлгий сумын тавдугаар бүрэн дунд сургуулийн сурагч С.Айбота нар эхний дөрвөн байрт дараалан шалгарч, нийт найман эрхийн бичгийн дөрвийг нь хүртсэн амжилт гаргажээ.

Харин багш нараас тус аймгийн "Дарын" цогцолбор сургуулийн багш С.Айжанар аваргалсан байна.

Дашрамд сануулахад, өнгөрсөн жил Увс аймагт болсон бүсийн олимпиадад Баян-Өлгий аймгийн сурагчид багаараа мөн тэргүүлж байсан юм. 

Холбоотой мэдээ