Томуугийн вакцин хийж эхэллээ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-11-06 15:54:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хүйтний улиралд дэгдэлт ихтэй байдаг томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакциныг Дархан-Уул аймагт өнөөдрөөс хийж эхэлсэн талаар Эрүүл мэндийн газраас мэдээлэл өглөө.

Энэ жилийн тухайд аймгийн хэмжээнд 1500 хүн/ тун ирснээс эхний ээлжинд халдварын өндөр эрсдэлтэйд тооцогддог эмч, эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, жирэмсэн эхчүүд, бага насны хүүхэд болон 60-аас дээш насны ахмадууд, уушиг, зүрх судас, бөөр, элэг, цусны болон бодисын солилцооны архаг өвчтэй насанд хүрэгчдэд хийх ажээ.

250 гаруй вакциныг харъяа өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан иргэд 15000 төгрөгийн үнэтэй хийх аж.

Вакцин хийлгэснээс хойш насанд хүрэгчид 14 хоногт, хүүхдэд 21 хоногт дархлаа тогтож, 1 жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг тухай мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Судалгаагаар томуугийн вакцин хийгдэж эхэлснээс хойш халдварлалтын хувь хэмжээ болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, томуугаар үүсгэгдэх аминд аюултай халдвар буурсан үзүүлэлт урьд өмнөх жилүүдэд гарчээ.

 

Л.Отгонбаатар

Холбоотой мэдээ