Иргэд төрд өгсөн өргөдөл гомдлоо хэрхэн шийдэж буйг хянах боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-11-06 09:01:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-аас иргэдийн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах программыг 11 дүгээр сарын 1-нээс хэрэглээнд нэвтрүүлэв.

Тус байгууллагад жилд 800 гаруй, өдөрт дунджаар 3-4 өргөдөл гомдол ирдэг бөгөөд иргэд хянаж дуусах хуулийн хугацаа хүлээсээр өгсөн өргөдлөө хэрхэн шийдэгдсэнийг мэддэггүй байв. Тэгвэл өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн явцыг хянах программ хэрэглээнд нэвтрүүлснээр тухайн иргэн эсвэл байгууллагын ирүүлсэн өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийн явцыг харах боломжтой боллоо.

Тодруулбал, өргөдөл гомдол бүхий бичиг ямар нэгжийн, хэн гэдэг албан тушаалтанд цохогдсон болох нь өргөдөл гаргагчдад шууд харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд тодруулах утас, мэйл зэрэг нь тодорхой байх юм. Мөн албан бичгийг шийдвэрлэсэн тохиолдолд иргэний бүртгүүлсэн гар утсанд нь мэдээлэл илгээнэ. Мессежээр ирүүлсэн холбоосын дагуу https://app.ndaatgal.mn:811/urgudul/Home/Index нэвтэрч, регистр болон утасны дугаараа оруулан хариугаа лавлах боломжтой болж байна. Ингэснээр төрийн үйлчилгээний эргэх холбоог сайжруулж өргөдөл, гомдол шийдвэрлэх явцыг хурдасгахад бодит нөлөө үзүүлэх юм. Энэхүү програмыг албан байгууллага ашиглах бол итгэмжлэгдсэн төлөөллийнхөө мэдээллийг дээрхтэй адилаар албан бичигтээ оруулах шаардлагатай аж.


Б.Болд

Холбоотой мэдээ