Шатар сонирхогчдын Монгол Улсын АШТ бямба гарагт эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-06 09:56:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн орон даяар энэ сарын 10-нд эхэлнэ.


Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар нар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв. 


УИХ-ын Тамгын газрын Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн хэлсэн үгэндээ, Шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан олон арга хэмжээг зохион байгуулдагийн нэг нь УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн юм. Тэмцээнийг гурван үе шаттай явуулдаг. Анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арваннэгдүгээр сарын 10-11-нд бүх сум, дүүрэгт нэгэн зэрэг зохион байгуулна. Хагас шигшээ буюу аймаг, нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны арванхоёрдугаар сарын 08-09-нд, улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнийг 2019 оны нэгдүгээр сарын 05-06-нд Төрийн ордонд зохион байгуулна” гэв.


Өмнөх жилүүдэд тэмцээнд түрүүлсэн аварга шатарчинд спортын дэд мастер цол олгодог байсан. Энэ жилийн тэмцээнд медаль хүртсэн эрэгтэй 3, эмэгтэй 3 шатарчинд дээрх цолыг олгохоос гадна шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох юм. Оюуны спортыг улс даяар жигд хөгжүүлж, хичээллэдэг хүмүүсийн тоог нэмэгдүүлье гэсэн зорилгоор энэ тэмцээнийг 2013 оноос УИХ-ын дарга ивээлдээ авч зохион байгуулж ирсэн уламжлалтай.


М.Энхболд даргын ивээл дор гурав дахь жилдээ болох гэж байна. Өнгөрсөн жилийн тэмцээнд 6830 гаруй шатарчин оролцсон. Жилээс жилд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Мөн энэхүү тэмцээнд БНСУ, ХБНГУ, Унгар, Шведийн Вант Улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд оролцох хүсэлтээ ирүүлснийг Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Наранбаатар мэдээлсэн. Дараа нь УИХ-ын Тамгын газрын ажилтан, шатрын спортын олон улсын шүүгч Г.Алтан-Оч, энэ жилийн тэмцээнд оролцож байгаа шатарчдын чансаа өндөр болсон.


Уг тэмцээнд насанд хүрэгчид буюу 18-аас дээш настай, шатрын спортын цолгүй, Монголын шатрын холбооноос гаргасан рейтингийн жагсаалтаар сүүлийн хоёр жилийн хугацаанд 2100-аас дээш гараагүй сонирхогчид оролцох боломжтойг хэллээ. Сумын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 3, эмэгтэй 1 шатарчинг шалгаруулан Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд, дүүргийн тэмцээнээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчинг тус тус шалгаруулан Нийслэлийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнд оролцуулах эрх олгоно.


Аймгийн шатрын аварга шалгаруулах тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1 шатарчинг, нийслэлийн аварга шалгаруулах  тэмцээнээс эрэгтэй 18, эмэгтэй 9 шатарчинг тус тус шалгаруулан 2019 оны шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцуулах эрх олгоно. Хагас шигшээд шалгарсан шатарчид болон УИХ, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, УИХ-д ажлаа тайлагнадаг буюу УИХ-аас томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагуудаас урилгаар 30 хүртэлх шатарчин оролцож оюун ухаанаа сорино гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ