Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-06 10:33:22

ШИНЭ ДЕЛИ. /NHK/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот тэргүүтэй хотуудын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнүүдийг тус улсын засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн тухай телевизийн “NHK” суваг мэдээлэв.


Холбогдох албаны удирдлагууд даваа гарагт мэдээлснээр, нийслэл хотын агаарын хортой тоосонцорын хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дээд хязгаартай харьцуулж үзэхэд 20 дахин илүү байсан аж.


Агаарын бохирдол ихтэй хотын хүмүүс гудамжаар явахдаа амны хаалт зүүдэг бол мотоциклын жолооч нар нүүрээ далдалдаг гэнэ.


Энэтхэгийн засгийн газраас яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлснээс дурдвал, нийслэл хот дотор болон эргэн тойронд барьж буй барилгуудын үйл ажиллагааг зогсоож, ойролцоох нүүрсэн цахилгаан станцыг түр хаасан бөгөөд Засгийн газрын төлөөлөгчдийн мэдээлснээр нөхцөл байдал сайжрах хүртэл уг арга хэмжээнүүдийг үргэлжлүүлсэн хэвээр байх аж.


Гэсэн хэдий ч энэ долоо хоногийн сүүлээр Хиндү шашинтнуудын томоохон баяр болох “Дивали” баярыг тэмдэглэх бөгөөд энэхүү баярын үеэр ёслолын буудлага буудах уламжлалтай тул агаарын чанар улам муудах төлөвтэй байгаа юм.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзэхэд, Энэтхэг улсын агаарын бохирдол маш хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд дэлхий дээрх агаарын бохирдол хамгийн ихтэй улсуудын нэгд тооцогддог ажээ. 

Холбоотой мэдээ