Монголын эрчим хүчний Мастер төлөвлөгөө салбарын тогтвортой хөгжлийг тодорхойлно

Монголын мэдээ | Эдийн Засаг
ulzii@montsame.mn
2018-11-06 13:48:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр "Шангри-Ла" зочид буудлын “Парис-Бээжин” танхимд "Монголын эрчим хүчний салбарын Мастер төлөвлөгөө” семинар тогтвортой хөгжлийн түншлэл- хамтын ажиллагааны хүрээнд болж байна.

Эрчим хүчний яамнаас зохион байгуулж буй тус семинар нь Монголын эрчим хүчний ирээдүйн чиг хандлага, хэрэгжих бодлого, тулгамдаж буй асуудлуудыг судлан тодорхойлох, эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийн бүтцийг тодорхой болгох зорилготой юм. Улмаар уг зорилтоос гурван үр дүн гарах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын эрчим хүчний салбар /ЭХС/-т баримталж буй зорилтууд болон салбарын богино, дунд, урт хугацааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхой болгох юм.

Мөн ЭХС-ын болон тус салбарт хөрөнгө оруулж буй байгууллагууд, хөгжлийн агентлагуудын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Мастер төлөвлөгөө боловсруулах бэлтгэл ажил, тэргүүлэх чиглэлүүдийн тойм гарах юм. Нэг өдөр үргэлжлэх уг семинарт ЭХЯ-наас Дэлхийн банк бусад Хөгжлийн түншүүдийн тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулна. Улмаар Мастер төлөвлөгөөний тоймын хэлэлцүүлэг болох аж. Семинарыг нээж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Дэлхийн банкны Эрчим хүч хариуцсан дарга Ранжит Ламек /Ranjit Lamech/ нар үг хэлсэн юм.




Мастер төлөвлөгөөний эн тэргүүний үйл ажиллагаа нь хөрөнгө оруулалт, түүхийн эдийн нийлүүлэлт эрэлт хэрэгцээ, нөхцөл байдлын дулааны болон цахилгааны судалгаа, салбарын бодлого стратегийн амжилт, зорилтуудын хоорондох зөрүүгийн шинжилгээ, тариф ба бусад сөрөг нөлөөг үнэлэх, шинэчлэлийн сонголт хийх анализ болон ЭХС-т хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн арга барилыг сайжруулах ажлууд байх юм. Улмаар 2020-2030 онд хамгийн бага зардалтай үйлдвэрлэлийн төлөвлөгөө боловсруулах зорилт байгаа юм. Мөн цогц сургалт болон чадваржуулах зорилтыг хэрэгжүүлэхээс гадна ЭХС-ын өнөөгийн бэрхшээл болон боломжуудыг тодорхойлон гаргажээ.




Тухайлбал, дулаан, цахилгааны эрэлт өссөн, эрчим хүчний хамааралтай байдал, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаралт, дэд бүтцийн насжилт, ашигт үйл бага, сүлжээний уян хатан байдал хаязгаарлагдмал, уул уурхайтай холбоотой дэд бүтэц сул, тариф болон салбарын санхүүгийн байдал зэрэг бэрхшээл байгаа аж. Харин эрчим хүчний илүү найдвартай байдал болон худалдаа, эрчим хүч экспортлох, сэргээгдэх эрчим хүчний хөгжил, уул уурхайтай холбоотой дэд бүтцийн хөгжил, ашигт үйлийг нэмэгдүүлэх, шинэчлэл хийх зэрэг олон боломж ЭХС-т байна. Эдгээр боломжийг ашиглаж бодит ажил болгож эрчим хүчний тогтвортой хөгжлийн бүтцийг тодорхойлоход уг Мастер төлөвлөгөөний гол зорилт юм. 


Холбоотой мэдээ