СЗХ: ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-06 15:00:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-оос өнөөдөр мэдээлснээр манай улсад өнөөдрийн байдлаар нийт 304 ХК, үнэт цаасны 54 компани үйл ажиллагаа явуулж байна. Манай улсын хөрөнгийн зах зээлд өнгөрсөн 3 дугаар улиралд нийт 106.2 тэрбум төгрөгийн арилжаа хийснээс Хөрөнгийн биржийн анхдагч зах зээлийн арилжаагаар нийт 30.4 тэрбум төгрөгийн, хоёрдогч зах зээлийн арилжаагаар 44.7 тэрбум төгрөгийн хувьцаа, Засгийн газрын 30.3 тэрбум төгрөгийн үнэт цаас, компаниудын 631.6 сая төгрөгийн бондыг тус тус арилжаалсан дүнтэй байна. Даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ 16 хувиар өсч, 327.6 тэрбум төгрөгт хүрснээс

  • 76.4 хувийг ердийн даатгалын компаниудын хөрөнгө,
  • 21 хувийг давхар даатгалын компани,
  • 2.7 хувийг урт хугацааны даатгалын компаниуд бүрдүүлж байгааг СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун мэдээлэв.
  • Банк бус санхүүгийн байгууллагын 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна
  • Банк бус санхүүгийн салбарт өнгөрсөн хугацаанд нийт 540 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаагийн дийлэнх буюу 90.9 хувь нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж байна. Нийт хөрөнгийн хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеээс 32.7 хувиар өсч, энэ оны эхний гурван улирлын туршид 30-аас дээш хувийн өсөлтийг үзүүллээ. Хөрөнгийн өсөлтийн 74.1 хувь нь зээлийн өсөлтөөс бүрджээ. 
Энэ салбарт зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотой ББСБ-уудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 2.1 дахин нэмэгдэж, 217 мянга, харилцагчдын тоо 1.5 саяд хүрчээ.


Зээлийн үйлчилгээний хүртээмжийн уг өндөр өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой байна гэж үзэж буйгаа СЗХ-ноос илэрхийлэв. Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариулав.


Дөрвөн компани шинээр IPO гаргах хүсэлтээ ирүүлжээ


-ББСБ-ын салбарын өсөлтийн шалтгаан юунд байна вэ. ЖДҮХС-аас олгосон зээл ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгө рүү орж ирэх боломжтой юу?

-Санхүүгийн салбаруудад явуулж байгаа чадавхжуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийн үр дүн гэж үзэж байна. Хууль, журмын хүрээнд ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгөнд нарийн чанд хяналт шалгалт хийж тусгай зөвшөөрлийг олгодог учраас ЖДҮХС-гийн зээлийн хөрөнгө банк бус санхүүгийн салбар руу орох боломжгүй юм.

-СЗХ-нд шинээр IPO гаргах хэдэн санал ирээд байна вэ?

доогийн байдлаар манай хороонд шинээр IPO гаргах хүсэлтээ дөрвөн компани ирүүлээд байна. Хүсэлтүүдийг хянаж, зохих шаардлагуудыг хангуулан ажиллаж байна.

-“Монкорд” ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийг хэрхэн, яаж шийдэж байна вэ?

-Тус ХЗХ-ны удирдлагуудтай холбоотой зөрчлийг шалгаж байна. Шалгалт дуусаагүй, ид явагдаж байна гэв.

 

Б.Болд

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ