Японд өсвөр насны хүүхдүүд амиа хорлох нь нэмэгдсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-06 16:06:01
twitter.com/Nyamkanmk

ТОКИО. /CNN/. Японд 2016-2017 оны хооронд өсвөр насны 250 хүүхэд амиа хорложээ.


Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар ахлах болон бага ангийн 250 хүүхэд дээрэлхүүлэх, гэр бүлийн асуудал, сэтгэл санааны хямрал зэрэг шалтгааны улмаас амиа хорлосон байна гэж Японы Боловсролын яам мэдэгджээ.


1986 онд Японд өсвөр насны 268 хүүхэд амиа хорлосон бөгөөд энэ нь одоогийн байдлаар хамгийн өндөр тоо юм.


“Сурагчдын дунд амиа хорлох түвшин өндөр байгаа нь бидний анхаарал тавих гол асуудал болоод байна. Мөн амиа хорлолтын түвшин нэмэгдэж байгаагийн шалтгаан тодорхойгүй байна” гэж яамны төлөөлөгч Нориаки Китазаки хэллээ.


Амиа хорлож байгаа хүүхдүүдийн дийлэнх нь ахлах сургуулийн сурагчид байгаа бөгөөд энэ байдал жилээс жилд өсч байгааг Японы Засгийн газар судалгаагаар тогтоосон байна.


Бусад хүүхдэд дээрэлхүүлж амиа хорлох талаар бодож явсан нэгэн сурагч 2015 онд CNN-д ярилцлага өгөхдөө, “зуны амралт болж хүүхдүүд гэртээ байдаг. Энэ нь дээрэлхүүлдэг хүүхдүүдийн хувьд диваажин л гэсэн үг. Гэвч зуны амралт дуусч хичээл ороход тэд дахин дээрэлхүүлэхээс айж, улмаар амиа хорлодог" гэж хэлсэн байна.

Холбоотой мэдээ