Орхон аймаг Тайваньтай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломжтой гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-07 10:58:38
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргалын урилгаар Тайваниас Монгол Улсад суух Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газрын дэд төлөөлөгч Жой Яань Орхон аймагт ажиллалаа.

 

Тэрээр  19 дүгээр сургуулийн төгсөх ангийн сурагчидтай уулзаж Тайваньд тэтгэлгээр суралцах боломжуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломжийг судлахаа амлалаа. Тайванийн Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар нь 2003 оноос манай улсын эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж байгаа юм. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тус газрын дэмжлэгээр манай улсын 700 гаруй эмч, мэргэжилтэн Тайваньд мэргэжил дээшлүүлжээ. Мөн уг сургалтад Орхон аймгийн эмч, сувилагч нарыг хамруулах боломжтой гэж үзэж байгаагаа хатагтай Жой Яань онцоллоо. Тэрээр мөн Эрдэнэт хотын бизнес эрхлэгчидтэй уулзаж Тайванийн “Экспорт, Импортын банк”-аас олгодог импортыг дэмжих зээлийн талаар танилцууллаа.

 

Тайваниас Монгол Улсад суух Худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар нь 2002 онд байгуулагдсан. Энэ байгууллага  өнгөрсөн хугацаанд  хоёр улсын эрүүл мэнд, боловсрол, бизнес, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж иржээ. 

Холбоотой мэдээ