Баруун бүсийнхэн Био аюулгүй байдал, хамгааллын сургалтад хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-07 12:18:10
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Био аюулгүй байдал, био хамгаалал” баруун бүсийн сургалт Увс аймгийн Улаангом хотноо энэ сарын 6-8-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Сургалтад Ховд, Завхан, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Гаалийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн алба, Нэгдсэн эмнэлгийн Лабораторийн тасгаас биоаюулгүй байдал, биохамгаалал, халдвар хамгааллын асуудал хариуцсан 56 мэргэжилтэн оролцов.

БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах Үндэсний хорооноос зохион байгуулсан бөгөөд тус хорооны дарга БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат сургалтыг нээв.

Тэрбээр “Монгол Улс НҮБ-ын гишүүн орны хувьд Биологийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, тэдгээрийг устгах тухай конвенцид 1972 онд, Био аюулгүй байдлын Картагены Протоколд 2002 онд нэгдэн  ч биологийн болзошгүй аюул үүсэх эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах менежментийн асуудлыг цогцоор шийдвэрлэх  эрх зүйн орчинг сайжруулах, байгууллага, хүний нөөцийг чадавхжуулах, хяналтыг чангатгах  шаардлагатай. БОАЖЯ-ны дэргэдэх Биоаюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын холбооны хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах санаачлагаас хамтран “Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, био хамгааллын үндэсний хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн “Р53” төслийн өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн. Эл төслийн нэг арга хэмжээ нь энэхүү сургалт юм” хэмээв.

Халдварт өвчин, халдвар үүсгэгч, орчин үеийн биотехнологийн хэрэглээ, нийгэм эдийн засгийн хандлага, хими, бактерлоги, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах,  биотерроризм, био ёсзүйн асуудал, эрсдэл, эрсдлийн үнэлгээ, хариу арга хэмжээг хэрхэн авах талаар сургалтад оролцогчид мэргэжлийнхнээс мэдээлэл сонслоо. Мөн халдвар хамгааллын хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэл, хээрийн нөхцөл дэх био хамгаалал, аюултай дээж асгарсан тохиолдолд авах арга хэмжээ зэрэг сэдвээр онол практикийн мэдлэгт суралцаж, сертификат гардах юм. Сургалтыг төслийн 8 сургагч багш, 4 зөвлөх хамтран явуулж байна.

Холбоотой мэдээ