Хүүхэд багачуудын дуу хоолойг сонсож, нийгэмд хүргэх ажлыг аймагтаа анх зохион байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-12 10:52:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын удирдлагууд хүүхэд багачуудынхаа дуу хоолойг сонсох, нийгэмд хүргэх, хүүхдийн бодит оролцоог сайжруулах зорилгоор "Хөгжилд-Хүүхдийн оролцоо" анхдугаар чуулганыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ.

Тус анхдугаар чуулганд сумын хүүхэд багачуудын төлөөлөл болсон 500 сурагч оролцсон байна. Чуулганы үеэр хүүхдүүд өөрсдөө асуудал дэвшүүлж, сурч боловсрох, хөгжих, амьдрах орчныг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлэх, анхаарал хандуулах шаардлагатай санал санаачлагуудыг гарган, шийдвэрлэж өгөхийг сумын удирдлагуудаасаа хүссэн байна. Мөн хүүхдүүд чуулганаас хүүхдийн эрхийг хангах чиглэлээр зөвлөмж гарган баталж, сумын удирдлагууд болон хүүхдийн төлөө ажилладаг байгууллагын удирдлагуудад гардуулан өгчээ. Мөн сумын хүүхдийн элчээр ДЗОУБ-ын Зүүнхараа ОНХХ-ийн зохицуулагч Г.Оюунтуяаг сонгон андгай өргүүлж, батламжийг гардуулан өгсөн байна. Чуулганы үйл ажиллагааны хүрээнд сурагчдын дунд "Надад хэлэх үг байна" захидлын уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг шалгаруулан шагнаж урамшуулсан аж. Захидлын уралдааны тэргүүн байрыг Хөтөл сургуулийн 12-р ангийн сурагч н.Сувд-Эрдэнэ, дэд байрыг 11-р ангийн сурагч н.Болормаа, гутгаар байрыг 3-р ангийн сурагч н.Сүлд нар тус тус эзэлжээ. Чуулганы төгсгөлд Хөтөл Соёлын ордоны хамт олон хүүхэд багачууддаа зориулж "Надад гэрэл үлдээгээч" хүүхдийн жүжгийг тоглож бэлэг барьсан байна. Энэхүү Сайхан сумын ирээдүйг хөтлөх хүүхдийн дуу хоолойг нийгэмд, шийдвэр гаргах түвшинд хүргэх анхны алхам болсон чуулганыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Чуулганд урилгаар хүүхдийн зохиолч Н.Мандал хүрэлцэн ирж ном уншихын ач тусын талаар сонирхолтой яриа, танилцуулгыг хийсэн аж.

Чуулганыг Сайхан сумын Засаг даргын Тамгын газар, сумын хүүхдийн төлөө зөвлөл, хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, СДЦХэлтэс, Хөтөл соёлын ордон, Хөтөл ЕБС, Номгон ЕБС, ДЗОУБ хамтран зохион байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ