Уолл Стрит Жорнэл: А.Меркель явсны дараах Герман улс

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2018-11-07 13:14:04

Ангела Меркелийн хувьд Германы Канцлерын албыг хаших өдөр хоногууд тоотой цөөхөн үлджээ.  Европ болон дэлхийн талаарх түүний улс төрийн олон хандлага нь зөвшилцөлд суурилсан улс төрийн тогтолцоог бүхэлд нь бэхжүүлсэн юм. Намын даргын албан тушаалаасаа огцорно гэсэн Меркелийн шийдвэр нь түүнийг явсны дараа Герман улс ямархуу байх бол хэмээн улстөрчид болон судлаачдыг таамаглахад хүргэлээ. 

Ажиглаж байхад нэг зүйл байнга л ил тодорхой болж байлаа. Оросын тэлэлт, Грекийн өрийн асуудал, АНУ-тай тогтоосон холбоогоо бэхжүүлэх гэсэн гол асуудлуудаарх Берлиний байр суурь нь хэн канцлерын албыг хашиж байна вэ гэхээсээ илүүтэй Германы ашиг сонирхол ба улс төрийн соёлыг илүүтэй тусгаж байна. Ийм дэг ёс нь ардчилалд суурилсан зөвшилцлийн үед байнга байж байдаг. Гэхдээ Герман бол онцгой тохиолдол бөгөөд Дэлхийн II дайны дараа тус улс дахь улс төрийн дэг журмыг АНУ-ын дэмжлэг оролцоотойгоор боловсруулан тогтоосон билээ. Ингэснээр тус улсад нэг хүн дахин давамгайлах боломжийг хаасан юм. 

Энэ нь 2005 оноос хойш Германы улс төр дэх янз бүрийн байр сууриудын хооронд маневрлалт хийхээр оролдсоор ирсэн Меркелийн үйл ажиллагааны үед бүр ч илүү хамаатай. Шүүмжлэгчдийн зүгээс түүнийг манлайлагч гэхээсээ илүүтэй захиргааны удирдах ажилтантай адилтгадаг байлаа. Меркелийн талынхан ч гэсэн түүнийг тэр бүр “алсын хараатай” гэж дүгнэдэггүй байв. Зарим асуудлаар Меркелийн гаргаж байсан шийдвэрүүд, тухайлбал, 2015 онд цагаачдын урсгал орж ирэх үед хилээ хаахгүй гэсэн шийдвэр нь улс төрийн хүрээнийхний дургүйцлийг төрүүлснээр түүний нэр хүнд унаж байсан билээ. Гэхдээ эл үйл явдлын үр дагавар нь Меркель улс төрийн тогтолцоотой тэрсэлдэж байсан тохиолдол ховор байсныг харуулсан юм. Түүнийг залгамжлах гэж буй хүмүүсийн хэн нь ч дээрх шиг үйлдэл хийхгүй болов уу.   

“Германы гадаад бодлогын түүх бол Дэлхийн II дайнаас хойших үеийн хамгийн гайхалтай дүр зургуудын нэг юм. Уг бодлогын эх үндэс нь НАТО болон Европын Холбоотой хамтрах явдал бөгөөд энэ нь түүхийн аймшигт  үеийг туулсан тус улсын хувьд аюулгүй байдал ба хууль ёсны эрхийг нь хангаж байдаг” гэж Стэнфордын их сургуулийн улс төр судлаач Йозеф Йоффе онцлон тэмдэглэв. Канцлераар хэн ч сонгогдсон байлаа гэсэн Берлин хэзээд Вашингтоны холбоотон байх бөгөөд ингэхдээ батлан хамгаалах болон эдийн засгийн асуудлаар илүү хатуу шаардлага тавих болно. Еврог аврах нь үнэтэй тусах байлаа ч гэсэн Герман улс Европын нэгдмэл байдлын төлөө зогсох болно. Тус улс Москватай найрамдалт харилцаатай байхыг эрмэлздэг ч гэсэн Оросын тэлэх бодлогыг хазаарлан барихыг оролдоно.  

Еврогийн бүсэд дэгдсэн өрийн хямрал нь Меркель ид ажиллаж байх үед тохиосон билээ. Тэрбээр өрийг хүчингүй болгох талаар хэлэлцээр байгуулахад гол үүргийг гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр баруун Европын улс төр дэх манлайллаа улам бэхжүүлсэн юм. Харин ихэнх шинжээчдийн үзэж байгаагаар, Германы Канцлераар хэн ч ажиллаж байлаа гэсэн ерөнхийдөө ийм л алхам хийх байсан. Еврогийн бүсийг хадгалж үлдэхийн сацуу хямралд өртсөн улс орнуудад хатуу нөхцлөөр зээл олгосноор Германд учрах санхүүгийн эрсдэлийг хамгийн бага хэмжээнд барих байсан. “Евротой холбоотой хямрал болж байгаа нөхцөлд өөр маягаар ажиллах орон зай түүнд төдийлөн их байгаагүй” гэж Америкийн Маршаллын сангийн ажилтан, Германы гадаад бодлогыг судлагч Ульрих Шпек үзэж байна.

Еврогийн бүсийн удирдлагыг чангатган бэхжүүлэх талаар Францын Ерөнхийлөгч Э.Макроны дэвшүүлсэн саналд Меркель болгоомжлонгуй хандаж байсан нь Европын төлөөнөө санхүүгийн нэмэлт эрсдэл үүрэхийг Германы улстөрчид хүсэхгүй байсныг харуулж байна. Холбоотон францчууд болон Германы санхүүгийн салбарын консервативчуудтай хэлэлцээ хийж байх үедээ Меркель алтан дунджийг олохыг хичээдэг байлаа. Хэдийгээр Германы олон нийтийн санаа бодол үл итгэсэн байдалтай байсан ч гэлээ өмнөх удирдагчдын /дэлхийн II дайны дараах үеийн/ нэгэн адилаар Меркель АНУ-тай тогтоосон холбоогоо хадгалан үлдэхийг хичээж ирсэн. Америкийн Ерөнхийлөгчтэй харилцах түүний хувийн харилцааны байдлыг гойд сайн гэж хэлж боломгүй.

 “Энэ бүхэнд Германы улс төрийн тогтолцоо маш хүчтэй нөлөөлсөн. Гэхдээ Меркель бусдын зөвлөгөөг үл хайхран өөрөө бие даан шийдвэр гаргаж байсан онцгой гэмээр тохиолдлууд бий” гэдгийг Олон улсын харилцаа, аюулгүй байдлын хүрээлэнгийн захирал Фолькер Пертес дурдлаа. Төлөвлөсөн хугацаанаас өмнө Германы атомын цахилгаан станцуудыг хаах тухай түүний шийдвэр нь ийм онцгой тохиолдлуудын нэг юм. Уг алхмын үр дагавар нь өнөөг хүртэл мэдрэгдэж байгаа бөгөөд тодруулбал, Герман улс байгалийн хийн хувьд Оросоос илүү хамааралтай болсон байна.

Владимир Путинтэй харилцах харилцаа бол Германы болон Европын ашиг сонирхлыг тодорхойлоход Меркелийн хувийн харилцааны туршлага ихээхэн чухал байсныг илтгэн харуулах жишээ юм. Сүүлийн 20 жилийн туршид Герман, АНУ хоёр нь Төв болон Дорнод Европт Оросын нөлөөг хязгаарлахад зорилго бүхий хүйтэн дайн”-ы дараа тогтсон дэг журмыг голлон хамгаалан тэтгэгчид байсан билээ. Энэ нь Зөвлөлтийн эвсэлд байсан улс орнууд Барууны гол байгууллага, бүтцүүдэд нэгдэх боломжийг олгосон ба ингэснээр Москвагийн эрх баригчдыг хилэгнүүлсэн юм. Гэтэл үүний сацуу Германы аж үйлдвэрийн салбарынхан Оростой ажил хэргийн сайн хэлхээ холбоо тогтоохыг хүсч байлаа. Германы олон улстөрчид зөн совиндоо хөтлөгдөн Москватай тогтоосон харилцааг зөөлрүүлэхийг эрхэмлэж байна.   

2008 онд Орос улс Гүрж рүү халдах үед Меркель эрс хатуу мэдэгдэл хийхээс зайлсхийж байв. Харин 2014 онд оросууд Крымыг өөртөө нэгтгэж, Украины зүүн нутагт нэвтрэн орох үед Меркелийн зүгээс Путиний энэхүү тэлэх бодлогыг Европт учирч буй аюул занал хэмээн үзэх болсон юм. Германы бизнесийн хүрээнийхэн болон Европын зарим орнууд дургүйцэж байсан  хэдий ч Канцлер Меркель Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авч, хоригийг хэвээр байлгахыг санаачлан дэмжиж байв. “Оросын асуудал дээр түүний хувь хүний шинж чанар, мэдлэг, стратегийн хандлага нь маш чухал үүрэгтэй байсан” хэмээн Пертес дүгнэлээ.

Дараагийн Канцлер энэхүү стратегийн хандлагыг үргэлжлүүлэх нь мэдээж. Гэхдээ Меркелийг залгамжлагч нь тамир тэнхээ барсан хүнд хэцүү дипломат уулзалтуудын явцад түүнтэй адил үр бүтээлтэй ажиллаж чадах уу гэдэгт л асуудлын гол нь байгаа юм. “Өнгөрсөн он жилүүдэд Меркель ийм уулзалтуудын үеэр онцгой ур чадварыг эзэмшиж чадсан” гэж Шпек тэмдэглэн хэлэв.

Маркус Уолкер 

Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.wsj.com/articles/many-expect-disruption-after-merkel-german-history-says-otherwise-1541167375?mod=searchresults&page=1&pos=2

https://inosmi.ru/politic/20181106/243710584.html

 

 

Холбоотой мэдээ