ЭМЯ-наас өдөрт 10000 алхам алхахыг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-07 14:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас ард иргэдэд зориулан “Өдөрт-10000 алхам” уриалгыг гаргалаа.

Энэ нь өдөрт хүн 10000 алхвал биднээс ямар ч мөнгө төгрөг шаардахгүйгээр эрүүл саруул байх үндэслэлтэй хэмээн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэлэв.

Тэрбээр, “Бидний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийн хамаарлыг 100 хувь гэж үзвэл хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой хүчин зүйлс 55 хувь, бусад салбарын хүчин зүйлс 25 хувь, удамшлын хүчин зүйлс 10 хувь, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүчин зүйлс 10 хувийг эзэлдэг байна. Үүнээс үзэхэд бидний эрүүл мэндэд нөлөөлж буй хүчин зүйлсийн ихэнх хэсэг нь хувь хүний зан үйл, амьдралын хэв маягтай холбоотой. Иймээс иргэд та бүхэн аль болох цахилгаан шат хэрэглэхгүй байх, ажлын утас болон хэрэгцээт зүйлсээ өөрөөсөө хол тавих, ажлын байрны дасгал хийх, гэртээ гэр бүлээрээ дасгал хөдөлгөөн хийж, бүжиглэх, сунгалт байдлаар гэрээ цэвэрлэх зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийхийг эрмэлзээрэй” хэмээв.

Нийгмийн Эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, “Хүн амын нас баралтын 77 хувийг эзэлж байгаа халдварт бус өвчин болох  зүрх судасны өвчлөл, хорт хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах эрхтэн, амьсгалын тогтолцооны эмгэг гэсэн өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ДЭМБ-аас гаргасан жингээ барь, зөв зохистой хоолло, идэвхтэй хөдөл, тамхи бүү хэрэглэ гэсэн “Зүрх судасны өвчин бууруулах 4” зөвлөмжийн дагуу энэ уриалгыг гаргалаа” гэв.

Алхалт нь хүний бие махбодийн үндэсэн хөдөлгөөн юм. Алхахад биднээс ямар нэг төхөрөөмж, байр талбай шаарддаггүй, маш энгийн, хялбар бөгөөд хүний эрүүл мэндэд эрсдэлгүй, ач холбогдол ихтэй хөдөлгөөн бөгөөд жилийн ямар ч улиралд хийхэд тохиромжтой.

Алхалтыг тайван удаанаар эхлэн дунд зэргийн эрчимтэй алхах хүртэл өөртөө тохируулж амьсгалын болон зүрхний цохилтын тоог нэмэгдүүлэн, идэвхтэй хөдөлгөөн болгож болно. Та өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэхийн тулд өдөрт 30 минут буюу түүнээс дээш хугацаагаар идэвхтэй хөдөлгөөн хийх эсвэл 10000 алхах шаардлагатай гэж ДЭМБ-аас зөвлөдөг. 10000 алхам алхах нь хүний бие ойролцоогоор 300 ккал илчлэгийг зарцуулдаг байна.

Идэвхтэй хөдөлгөөн хийснээр сэтгэл санаа тайвширч, стресс, бухимдлаас сэргийлэх, биеийн жинг хэвийн хэмжээнд байлгах, зүрхний үйл ажиллагааг сайжруулах, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, цусны даралт ихсэхээс сэргийлэх, үе мөчний хөдөлгөөн сайжрах зэрэг ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ