Хоёр орны найрамдалт харилцааг тохиолдуулж орос хэлний олимпиад зохион байгууллаа

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-08 16:08:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатарт буй Оросын шинжлэх ухаан соёлын төвийн тус аймаг дахь салбар ‘’Мир друзей’’ сургалтын төвөөс Баян-Өлгий аймгийн ИТХ, Боловсрол соёл, урлагийн газар, ОХУ-ын Горно-Алтайскийн их сургуультай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын 11 дүгээр ангийн сурагчдын дунд орос хэлний олимпиадыг Өлгий хотод энэ сарын долооны өдөр зохион байгууллаа.

Тус олимпиадыг Монгол, Оросын найрамдлын өдрүүдийг тохиолдуулан зохон байгуулсан бөгөөд cурагчдын орос хэлний мэдлэгийн түвшин, чадварыг дээшлүүлэх, хэл сурах идэвх сонирхлыг нь дэмжих, авьяас, чадварыг нээн илрүүлэх зорилготой аж.

Орос хэлний олимпиадын онцлогийн талаар ‘’Мир друзей’’ сургалтын төвийн захирал Х.Жулдызаас тодруулахад, «Баян-Өлгий аймагт онлайн хэлбэрээр зохион байгуулсан анхны олимпиад гэдгээр онцлогтой. Шалгалтын материалыг  ОХУ-ын Горно-Алтайскийн их сургууль боловсруулж,  дүнг нь нэгтгэж, SCYPE сүлжээгээр дамжуулан бидэнд мэдээллээ.

Эхний гурван байрт шалгарсан сурагчид Горно-Алтайск хот болон Горно-Алтайскийн их сургуультай танилцах, тэнд төрөл бүрийн арга хэмжээнүүдэд оролцох эрхийн бичгээр шагнууллаа» гэв.

Сурагчдын орос хэлний дүрмийн мэдлэг, унших болон бичих чадварыг сорьсон онлайн олимпиадад «Зайд» сургуулийн сурагч А.Нурхасым тэргүүлж, «Бастама» сургуулийн сурагч Ы.Роза, «Эмпати» сургуулийн сурагч Ж.Нурайым нар удаах байруудад шалгарсан байна.


Холбоотой мэдээ