Элчин сайд Т.Лхагвадорж "New Economic Forum"-д оролцож байна

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2018-11-08 11:13:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Bloomberg” олон улсын мэдээллийн агентлагийн үүсгэн байгуулагч Майкл Блумбергийн санаачилгаар Сингапур хотноо энэ оны 11 дүгээр сарын 6-7-ны өдрүүдэд “New Economic Forum” олон улсын арга хэмжээ анх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж энэхүү арга хэмжээнд оролцож байна.


Арга хэмжээний хүрээнд 40 гаруй улсын төрийн өндөр, дээд албан тушаалтнууд, FedEx, Mastercard, Hyundai Motor Group, HSBC Group, Microsoft, ExxonMobil зэрэг дэлхийн хэмжээний томоохон компаниудын удирдлагууд оролцож, олон улсын эдийн засгийн тулгамдсан асуудал, технологи болон экологийн өнөөгийн нөхцөл байдлын үүднээс эдгээр асуудлыг шийдвэрлэх шийдэл зэрэг асуудлыг хэлэлцэв. Арга хэмжээний зөвлөх зөвлөлд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Др. Генри Киссинджер, АНУ-ын Сангийн сайд асан Ханк Паулсон, Япон Улсын Гадаад харилцаа, байгаль орчны сайд асан Еорико Кавагучи, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Кондолиза Райс, Австрали Улсын Ерөнхий сайд асан Кевин Родд зэрэг 30 гаруй төлөөлөгч нар багтжээ.


Форумын илтгэгч нарын хувьд АНУ, Индонез, АНЭУ, Бангладеш, Канад, Малайз,  Сингапур болон бусад улсын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан төрийн сайд, зөвлөх нар оролцож байна. Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн арга хэмжээнд оролцож буй хүндэт зочдод зориулж оройн зоог барив.



Оролцогч нар АНУ, БНХАУ-ын хоорондын худалдааны маргаантай нөхцөл байдлын тухайд олноо хэлэлцэж байв. Тухайлбал, АНУ-ын Сангийн сайд асан Ханк Паулсон “АНУ, БНХАУ нар стратегийн маргаантай нөхцөл байдалдаа зөвшилцөлд хүрч чадахгүй бол дэлхий “эдийн засгийн төмөр хөшиг”-өөр хоёр хуваагдах болно. АНУ, БНХАУ нарын энэхүү нөхцөл байдал цэвэр эдийн засгийн асуудал биш, учир нь талууд худалдаанаас хальсан бусад салбарт өөр өөр өнцөгийн үзэл санаатай байна. БНХАУ-ын хувьд ДХБ-д нэгдээд 17 жилийн хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөг хүртэл худалдаагаа бүрэн “чөлөөтэй” болгож чадахгүй байна.  Улмаар коммунист намын бүхий л салбар дахь ноёрхол, чөлөөт худалдаа, хувийн бизнесийн хөгжлийг саармагжуулж байна. Гадаадын шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхгүйгээр өөрийн хөрсөнд нутагшуулж, улмаар “хятадын” технологи болгож байна. Хятадын “Дижитал Торгон зам” санаачлага нь АНУ-тай зөрчилдөөн үүсэж буй бас нэг шалтгаан юм. БНХАУ дотоодын болон гадаадын бизнес эрхлэгч нарт тэнцүү боломжийг олгож, шудрага өрсөлдөөнийг бий болгох, улмаар “өөрийн” тогтоосон стандартыг тулгахаас зайлсхийх хэрэгтэй. Харин АНУ-ын хувьд Номхон далайн түншлэлийн хэлэлцээрт оролцох оролцоогоо эргэн харж, ДХБ-ын хүрээнд буй асуудлыг шийдвэрлэх, эцэст нь, БНХАУ-тай бодит боломж, нөхцөлийн талаар нээлттэй хэлэлцэх шаардлагатай” хэмээн хэлжээ.


Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий Сайд Ли Хсиен Лүүн тус улсад удахгүй зохион байгуулагдах магадлалтай сонгуулийн талаар саналаа илэрхийлэхийн сацуу олон улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мөн дурдав. Их Британийн улс төрчид Сингапур улсыг Brexit-ын дараахь загвар улс хэмээн тодотгосон мэдэгдэлтэй холбогдуулан Ерөнхий сайд уг санааг дэмжихгүй байгаагаа илэрхийлэв. Түүх, улс төрийн тогтолцоо өөр эдгээр хоёр улсыг харьцуулахад бэрх гэдгийг Ерөнхий сайд онцлов.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг тус арга хэмжээнд оролцохыг урьсан бөгөөд Элчин сайд Т.Лхагвадорж Ерөнхийлөгчийн мэндчилгээг ноён М.Блумберг-д уламжлав. Түүнчлэн Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа /АПЕК/-ны Нарийн бичгийн даргын газрын Гүйцэтгэх захирал Алан Боллард-тай уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэв. АНУ-ын Массачуссетсийн Технологийн их сургуулийн захирал Др. Рейф-тэй уулзаж, Монгол Улсад хэрэгжүүлж буй шинжлэх ухаан, технологийн салбар дахь төсөл-хөтөлбөрт талархаж буйгаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.


Элчин сайд Т.Лхагвадорж Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын орлогч Е.А.Досаевтай уулзсан бөгөөд Монгол Улсаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын түвшинд албан ёсны айлчлал ирэх жилээс хэрэгжин хэмээн найдаж буйг айлын талаас мэдэгджээ. Түүнчлэн, Элчин сайд Т.Лхагвадорж Канад Улсын Гадаад харилцааны яамны Тэргүүн дэд сайд, худалдааны асуудал хариуцсан тэргүүн Айлиш Кэмпбэлл-тэй уулзаж, хоёр улсын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хэлэлцээрийн талаар, мөн Канад Улсын Засгийн газар саяхан тус хэлэлцээрийг соёрхон баталсан таатай үйл явдлын талаар хэлэлцэв. Олон улсын Валютын сангийн гүйцэтгэх захирал Кристин Лагардэ-тэй уулзаж, тус байгууллагын Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй дэмжлэг, туслалцаанд талархаж буйгаа илэрхийлэв.


Бизнесийн хүрээллийн төлөөлөгч нартай уулзаж Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын боломж, бололцооны талаар санал бодлоо солилцох боломж бүрэлдсэн арга хэмжээ болов. Тухайлбал, Элчин сайд Т.Лхагвадорж Сингапурын “GIC” группын гүйцэтгэх захирал Лим Чоу Киат, “AIIB” компанийн төлөөлөгч Денни Александр, “Air Asia” группын гүйцэтгэх захирал Тони Фернандез зэрэг бизнесийн төлөөлөлтэй уулзав. “Air Asia” группын хувьд Монгол Улсын бизнесийн орчныг ихээхэн сонирхож байгаа бөгөөд өөрийн баг бүрэлдэхүүнээ энэ оны 11 дүгээр сард Монгол Улсруу ажиллуулахаар илгээж буй талаар хэлжээ.

Холбоотой мэдээ