Захын худалдаа эрхлэгчдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын зах дээр хүнсний худалдаа эрхэлдэг иргэдэд зөрчлийн тухай хууль болон хүнсний тухай хуулийн мэдлэг олгох, эрүүл ахуй аюулгүй байдлыг хангасан хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалах, үүний эсрэг зөрчил гаргасан тохиолдолд оногдуулах хариуцлагын талаар аймгийн МХГ, Прокурорын газар хамтарсан сургалтыг хүнсний захын орчинд 10 дгаар сарын 07-нд зохион байгууллаа.
МХГ-аас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлд холбогдох хууль эрхзүйн
мэдлэг олгох, зарим төрлийн бүтээгдэхүүний дээжийг явуулын лабораторт шинжлэх,
шошгонд тавих шаардлага, гарын авлагаар хангасан байна.
Хүнсний худалдаа эрхлэгчид хугацаа нь дууссан, хүний
эрүүл мэндэд аюултай хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан нь
тогтоогдвол тухайн хүнийг 500 мянган төгрөгөөр,
хуулийн этгээдийг таван сая төгрөгөөр торгох хуулийн заалттай аж.
“Энэхүү сургалтаар хүнсний худалдаа эрхлэгч бүр стандартын дагуу хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гар дээр хүргэхдээ аюулгүй байдлыг нь шалгах, эрүүл ахуй хангасан орчинд худалдан борлуулалт хийх, хаяг шошгоны зөрчилтэй, хугацаа нь дууссан, хүний эрүүл мэндэд хор нөлөөтэй хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахаас татгалзах, ашиг орлого гэхээс өмнө худалдаалж буй бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай.
Хэрвээ үүний эсрэг хариуцлагагүй зөрчил
гаргавал хуулийн хүрээнд зохих хариуцлагыг оногдуулна гэдгийг хууль, хяналтын байгууллагаас
анхаарууллаа” гэж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал
хэлэв.