Баян-Өлгий аймгийн Булган сум шилэн кабелын сүлжээнд холбогджээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-09 19:00:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хамгийн алслагдсан сум болох Булган сумын төвд шилэн кабель татагдаж, энэ сарын 7-ны өдөр ашиглалтад оржээ.

Шилэн кабелыг ашиглалтад өгөх ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Мурат болон сумын удирдлагууд оролцож, ард иргэдэд баяр хүргэсэн байна.

Монгол Улсын Засгийн газрын "Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ байгуулах төсөл"-ийн хүрээнд 2006 онд тус аймгийн Алтанцөгц, Баяннуур,  Бугат, 2014 онд Алтай, Буянт, Дэлүүн, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл сум, Цагааннуур тосгон шилэн кабелын сүлжээнд холбогдсон юм. Аймгийн төвөөс 300 км-д орших Булган сумд шилэн кабель татах ажил алслагдсан байдал, санхүүжилтийн асуудлаас үүдэн хойшлогдсоор иржээ.

Харин 2018 онд дээрх сумыг шилэн кабелийн сүлжээнд холбоход улсын төсвөөс нэг тэрбум төгрөг шийдвэрлэгдэж, уг ажлыг "Монкабель" компани хуваарьт хугацаанд багтаан гүйцэтгэж хүлээлгэж өгсөн нь энэ ажээ.

Ийнхүү Баян-Өлгий аймгийн 13 сум, нэг тосгон бүхэлдээ өндөр хурдны өргөн зурвасын сүлжээнд холбогдож, албан байгууллага, ард иргэд түргэн шуурхай мэдээлэл авах, мэдээлэл солилцох боломжоор хангагдаад байна.


Холбоотой мэдээ