Эм зүйчдийн 30 гаруй хувь нь хөдөө орон нутагт ажилладаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-11-09 18:58:23


   Увс /МОНЦАМЭ/. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд “Эм хангамжийн салбарын үүрэг оролцоо, хөгжлийн хандлага” сэдэвт баруун бүсийн сургалт зөвлөлгөөн өчигдөр Улаангом хотноо боллоо. Монгол Улсын эм зүйн салбарын 90 гаруй жилийн түүхэн хөгжлийн явцад эм хангамжийн байгууллагууд, эмийн үйлдвэр, судалгааны байгууллагууд олноор бий болж асар их баялгийг бүтээсэн боловч эмийн зохицуулалтын алба хөгжөөгүй, хүний нөөцийн хөгжлийн бодлого төлөвлөлт, хуваарилалт, удирдлагын манлайлалын тогтолцоо байхгүй, академик байгууллагууд болон хувийн хэвшлийн эм хангамжийн байгууллагын үйл ажиллагааны уялдаа холбоо сул зэрэг шалтгааны улмаас эм зүйн салбарын үйл ажиллагаанд тулгамдсан зүйл олон бий болжээ. Тэгвэл салбарын түвшин, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар нээлттэй ярилцах сургалтыг улсын хэмжээнд бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа нь энэ байна. Сургалтыг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн эм холбоо ТББ хамтран зохион байгууллаа.

Монгол Улсын эм зүйн салбарт ажиллаж буй эм зүйчийн тоо сүүлийн 5 жилд 68 хувиар өссөн бөгөөд Улаанбаатар хотод нийт эм зүйчийн 65,8 хувь нь ажилладаг бол хөдөө орон нутгийн дөрвөн бүсэд нийт эм зүйчийн 34,2 хувь нь ажилладаг  гэсэн судалгаа байна. Монгол Улсад эмийн мэргэжилтэн нь бакалаврын боловсролоор эм зүйч болон дипломын боловсролоор эм найруулагч мэргэжлийг эзэмшсэний дараа 8-10 жил ажиллаж дадлага туршлага олж авсны үндсэн дээр эм хангамжийн байгууллагын “Түлхүүр ажилтан” болох боломжтой байдаг ч сүүлийн жилүүдэд хувийн чанартай дээд сургуулиуд ажиллах хүчинг бэлтгэх болсон. Иймээс жил бүр эмзүйч нарын ажлын ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулахад анхаарч байна” хэмээн АШУҮИС-ийн багш Д.Энхжаргал хэллээ.

 

Холбоотой мэдээ