Монгол бахархлын өдөр шагайн харваан тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-10 20:10:17

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн “Даян мэргэн” харваачдын холбооноос өвлийн улирлын нээлттэй тэмцээн буюу Чингис хааны мэндэлсний 856 жилийн ойн өдөр, Монгол бахархлын өдөрт зориулсан шагайн харваан тэмцээнийг зохион байгуулжээ.

Тэмцээнд шагайн харваа сонирхдог болон хичээллэдэг 30 гаруй харваачид оролцож багийн харваанд Эрдэнэхайрхан баг тэргүүлжээ. Удаах байранд Зэндмэнэ баг орж цуваа харваанд аймгийн гоц мэргэн Б.Эрдэнэцогт түрүүлж аймгийн дэд мэргэн С.Бадарч, Э.Маргад-Эрдэнэ нар удаалжээ. Мөн 11-р сарын 9-ний өдөр Завхан аймгийн Даян мэргэн харваачдын холбоо нь ээлжит хурлаа хийж 31 төлөөлөгч оролцсон бөгөөд холбооныхоо шинэ тэргүүнийг сонгож батламжлахаас гадна “Оны отго харваа”-г зохион байгуулах товоо гаргаж жилийн ажлаа дүгнэжээ. Тус холбооны шинэ тэргүүнээр аймгийн Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Мягмарсүрэн сонгогдож тэргүүлэгч гишүүдээр Б.Алтангэрэл, С.Базарпүрэв, Ц.Доржсүрэн, Э.Маргад-Эрдэнэ нар сонгогджээ. Мөн Завхан аймгийн “Оны отго харваа”-г 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон тухай Завханы Даян мэргэн харваачдын холбооноос мэдээлэв. Дашрамд тус холбоо нь 2012 онд байгуулагдсан бөгөөд анхны тэргүүнээр Төгс буянт Жавхлант хийдийн хамба лам, гэвш, аймгийн гоц мэргэн С.Баяндорж, хоёр дахь тэргүүнээр аймгийн гоц мэргэн Б.Гансүх нар ажиллаж байжээ.


Холбоотой мэдээ