Иргэд оршин суугаа газартаа оношилгоо хийлгэх боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-11-10 20:16:21

Завхан/МОНЦАМЭ/.Завханы 24 сумын эмч нар тусгай апплейкшн суулгасан Юнителийн 4G дэмждэг ухаалаг гар утастай болсноор өвчний оношийг баталгаажуулан түргэн хугацаанд оношлох эмчлэх боломжтой болжээ.

Тодруулбал Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль, Хүрээ ротари клубын хамтарсан “Ухаалаг гар утас- арьсны өвчний оношилгоо, эмчилгээ” төслийн хүрээнд Завханы 24 сумын 25 эмч тусгай апплейкшн суулгасан Юнителийн 4G дэмждэг ухаалаг гар утсыг хүлээн авчээ. Энэ үеэр энэхүү ухаалаг утсаар дамжуулан үйлчлүүлэгчдэд хэрхэн яаж зөвлөгөө өгөх, өвчнийг түргэн шуурхай оношлох, оношилгоо эмчилгээний сүүлийн үеийн мэдээлэл бүхий сургалтыг эмч нарт өгчээ. Ийнхүү өндөр хурдны интернет сүлжээ ашиглан, сумаас аймаг руу, аймгаас АШУҮИС-ийн арьс судлалын тэнхим рүү явуулж, оношийг баталгаажуулан эмчилгээг хийх бүрэн боломжтой боллоо. Үүний үр дүнд иргэд сумаас аймаг болон Улаанбаатар хот руу явах шаардлагагүй тухайн оршин суугаа газраасаа бүрэн үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Дашрамд АШУҮИС, АУС-ийн Арьс судлалын тэнхмийн багш, АУ-ны доктор, профессор Б.Хандсүрэн орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар алслагдсан нутгийн хүн амд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлэх төслийг анх 2012 оноос эхлүүлжээ. Өнгөрсөн жил Увс, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод аймгуудад хэрэгжүүлсэн байна. “Хүрээ” ротари клубын дэмжлэгтэйгээр олон улсын Ротари санхүүжилтээр хийгдэж буй энэ төсөл одоогийн байдлаар манай улсын найман аймагт  хэрэгжиж, арьсны өвчнийг алсын зайнаас оношлох, эмчлэх тусламжийг 1700 гаруй хүнд үзүүлээд байгаа ажээ.


 

Холбоотой мэдээ