Улсын уралдаанд тэргүүн болон тусгай байр эзэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-13 10:26:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийнхаа ард иргэдэд амттай бялуу үйлдвэрлэн хүргэдэг “Orgil bakery” хэмээн зах зээлд танигдсан “Зараагийн нүхэн” ХХК-нийн захирал Э.Сүрэнцэцэг 11-р сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “Улсын аварга тогооч, зөөгч шалгаруулах” ажил мэргэжлийн уралдаанд хоёр төрлөөр оролцож, тэргүүн болон тусгай байранд шалгарсан амжилт гаргажээ.

Э.Сүрэнцэцэг анх аймгийн зах зээлд амттай, шинэхэн бялуу эрэлттэй байгааг анзаарч, 2009 оноос бизнесийн санаагаа хэрэгжүүлэхээр зогсолтгүй хөдөлмөрлөсний үр дүнд өнөөдөр аймгийнхаа  бялуу, талх нарийн боов, түргэн хоолны салбарт багагүй амжилт олж, үйлдвэрлэл, үйлчилгээ нь тогтмолжиж яваа бизнес эрхлэгч юм.

Тэдний хийсэн бялуу амт, чанар сайтай, үргэлж шинэ байдаг төдийгүй, хэлбэр дүрс, загварыг захиалагчийн хүсэл, сонирхолд нийцүүлэн хийдгээрээ онцлогтой.

Э.Сүрэнцэцэг жил бүр аймаг, сумандаа зохион байгуулагддаг “Түншлэл” зах зээлийн өдөрлөгүүдэд амжилттай оролцож, “Соёлтой шуурхай үйлчилгээ” өргөмжлөл, аймгийн Үзэсгэлэн худалдааны “Амтлаг хоол” төрөлд 3-р байрын шагнал, “Нийтийн хоолны салбарын шилдэг үйлдвэрлэгч” өргөмжлөлөөр хоёр удаа шагнуулж, “Аймгийн шилдэг үйлдвэрлэгч” цом, “Сайнцагаан Түншлэл” үзэсгэлэн худалдаанаас “Хамгийн шилдэг гранпри” шагнал авч байсан бол энэ удаа ийнхүү улсын уралдаанд нэрээ гаргаад иржээ.

Монголын тогооч нарын холбоо, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Монгол Улсын аварга тогооч, зөөгч шалгаруулах” ажил мэргэжлийн энэ уралдаан нь 37 дахь удаагийн тэмцээн бөгөөд энэ жил Монголын тогооч нарын холбооны 25 жилийн ойтой давхцаж байгаагаараа онцлог болжээ. 

Холбоотой мэдээ